COVID-19: Мутацид орох чадвар өндөртэй шинэ штамм илэрчээ
2021-08-31

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад мутацид орох чадвар өндөртэй, коронавирусийн шинэ штамм илэрчээ. С.1.2 гэж нэрлэсэн энэхүү штаммыг ӨАБНУ-ын Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд илрүүлсэн байна. 

 

Тус улсын Эрүүл мэндийн яам коронавирусийн шинэ хувилбарын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн гэж ТАСС агентлаг дамжуулжээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, энэхүү штамм нь халдварлах чадвартайн дээр вакцинд илүү тэсвэртэй байж болзошгүй гэнэ.

 

C.1.2 хувилбар анх энэ оны тавдугаар сард ӨАБНУ-д илэрсэн байна. Энэ нь тус улсад нэгдүгээр сард илэрсэн С.1 штаммын мутацийг агуулж байгаа гэнэ. Өмнөд Африкийн мэргэжилтнүүдийн тогтоосноор С.1 бүлгийн хувилбарууд бусад хувилбаруудтай харьцуулахад мутацид орох хурд нь  хоёр дахин өндөр байгаа аж.

 

Энд дуулгахад, ӨАБНУ коронавирусийн халдварын тохиолдлоор Африк тивд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Энэ улсад 2,6 сая гаруй хүн халдвар авсанаас 78 мянга гаруй хүн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин