“Панжшерийн гүег” буюу талибуудыг эсэргүүцэгч Ахмад Масуд 
2021-09-01

Талибуудын хяналтад ороогүй Афганистаны цорын ганц нутаг дэвсгэр нь Панжшер муж. Энд домогт “Панжшерийн арслан” хочит хээрийн командлагч Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд эсэргүүцлийн фронт эмхлэн байгуулж, талибуудын гарт ороогүй үлдсэн цорын ганц нутгийг хамгаалан үлдэж, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Тэрбээр талибуудаас олон талт, хүртээмжтэй засаглал, иргэдэд олгох эрх чөлөөг шаардаж байгаа бөгөөд ийм нөхцөл бүрдвэл улс төрөөс явахад бэлэн хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Эсэргүүцлийн фронт 

 

“Бид хэдийнэ олон мянган дайчныг эгнээндээ нэгтгэсэн. Өмнө нь тусгайд алба хааж байсан залуус, Панжшерт бэлтгэгдсэн отрядууд болон хөрш мужуудаас ирсэн залуус бий” хэмээн Үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгч Али Назари ВВС агентлагт ярьжээ. 


Үнэхээр Панжшерт олон мянган дайчны бүрэлдэхүүнтэй хүч бүрэлдсэн эсэхийг батлах эсвэл няцаах мэдээлэл тун хомс. Ямартай ч наймдугаар сарын 31-нд талибууд Панжшерийн харуулын пост руу дайрахад эсэргүүцэгчид хариу цохилт өгч, тэр өдөржин тулалдаан өрнөсөн талаарх мэдээлэл гарч байлаа. 


The Times сонины мэдээлснээр, Панжшер дэх эсэргүүцлийн отрядуудын эгнээнд 12-15 мянган дайчин байгаа гэнэ. Харин “Талибан” хөдөлгөөн 80 мянган дайчинтай бөгөөд хүчний харьцаа ийм үед Панжшер удаан тэснэ гэдэгт ажиглагчид эргэлзэж байгаа юм. 

Панжшер гэдэг нь перс хэлнээс орчуулвал “Таван арслан” гэсэн утгатай. Домогт өгүүлснээр, ах дүү тав асар их шүтлэгтэй байсны дээр өөрсдийн хүчинд итгэдэг байсан тул ганцхан шөнийн дотор голыг дамнасан далан барьсан гэдэг. Энэ далан өнөө хэр нь бий. 


Хүрч болшгүй хавцал 

Панжшер нь Кабулаас цаг орчим унаагаар явах газраас эхэлдэг хавцал юм. Уулын хөндий 130 км зайд сунаж тогтсон байх бөгөөд энд 173 мянган хүн амьдардагаас ихэнх нь Афганы тажикууд. Хавцлаар дайрах цорын ганц зам нь голын дагуу, 6000 метр хүртэлх өндөртэй өндөр уулсаар хүрээлүүлсэн байдаг аж. 


Афганистанд ийм уулын хөндийнүүд олон байдаг ч Панжшер өмнө нь ч талибуудын гарт оролгүй үлдэж байсан нь гагцхүү газарзүйн байрлалаас нь биш бусад олон хүчин зүйлээс хамааралтай гэж судлаачид онцолдог юм. 

“Хавцалд хүрэхэд хүнд байлдааны байршлууд олон байдагтаа ч учир нь байгаа юм биш, уул хадаар явахад хэцүүдээ ч биш. Харин Панжшерийн оршин суугчдын өөрсдийгөө хүндлэх, бахархах, омогших сэтгэл хүчтэй байдагт л хамаг учир байгаа юм” хэмээн Афганистаны Хөдөө аж ахуйн яаманд өндөр албан тушаал эрхэлдэг байсан Шакиф Шарифи ВВС агентлагт ярьжээ. 


Панжшерийн оршин суугчид XIX зуунд Британийн эзэнт гүрний шилдэг цэргүүд ч энэ хавцалд нэвтэрч чадаагүй талаар ярих дуртай гэнэ. 1980-аад онд мөн л энэ хавцалд Зөвлөлтийн цэргүүдийг эсэргүүцэн зогсжээ. Можахедүүдийн отрядуудыг тухайн үед “Панжшерийн арслан” хэмээх хочит Ахмад Шах Масуд командалж байв. 

Зөвлөлт Афганы дайны үед эсэргүүцлийн нүүр царай нь чухамхүү Ахмад Шах Масуд байжээ. Түүнчлэн зөвлөлтийнхөн түүнтэй хэлэлцээр хийхэд бэлэн тэр л хүн байсан нь Масудын нэр хүндийг улам өргөсөн юм. 1996-2001 оны хооронд “Талибан” Афганистаныг бараг л бүхэлд нь хяналтдаа авсан үед Панжшерт Масудын командлал дор хаойд Афганистаны цэргийн бүлэглэлүүдийн нэгдэл болсон “Хойд Альянс” байгуулагдав. 


Тухайн үед ихэнх хэсгийг нь пуштунууд бүрдүүлж байсан "Талибан" ихэвчлэн тажикууд суурьшсан бүс нутагт төдийлөн алдаршаагүй байв. Харин нутгийн иргэдийн хүндлэл, дэмжлэгтэй том Масуд авьяаслаг командлагч байлаа.

 

Тэрбээр тун боловсролтой, франц хэлний өндөр мэдлэгтэй, зөөлөн дуугаар ярьдаг, сэтгэл татам хүн байсан нь бүдүүлэг, боловсролгүй бусад командлагчдаас ялгагдах гол давуу тал нь байсан гэж судлаачид үздэг юм. Тиймдээ ч Масуд хэд хэдэн орнуудаас дэмжлэг авч чаджээ. 

 

Масуд арслангийн хүү Масуд 

Эсэргүүцлийн хөдөлгөөний олон жил удирдсан Ахмад Шах Масуд 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн алан хядах ажиллагаа болохоос хоёр өдрийн өмнө “Аль-Каида” бүлэглэлийнхний гарт амиа алдсан юм. 


Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдах үхлээс ганцхан алхмын зайд олонтаа өнгөрч байсан хээрийн командлагч дээр сэтгүүлчид нэрээр хоёр амиа золиослогч ирэн түүнийг хөнөөжээ. 


Масудын хүү бага Масуд тухайн үед 12 настай байсан бөгөөд удалгүй тэрбээр Иран руу явж, дунд сургуулиа төгсөн, тэндээсээ Их Британийг зорьсон байна. Бага Масуд Сэндхерстийн цэргийн академид суралцсан, Лондонгийн Хатан хааны коллежийн цэргийн судлалын салбарын бакалавр зэрэгтэй. Гэхдээ залуу улс төрчид байлдааны туршлага байхгүй. Тиймдээ ч тэрбээр зэвсэгт мөргөлдөөн биш харин энхийн хэлэлцээрийг чухалчилна хэмээн удаа дараа онцолж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-09