Сонгинохайрханд МАН Э.Батшугарыг, АН Э.Бат-Үүлийг өрсөлдүүлэх үү
2021-09-01

 

УИХ-ын нөхөн сонгуульд горилогчдын нэрс хэдэн өдөр хөвөрлөө. Харин өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуульд оролцох есөн нам, нэг эвсэл  албан ёсоор нэр дэвшигчээ тодруулна. Энэ намрын улс төр УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулиар ширүүхэн эхэлж байна.

 

Өнөөдөр эрх баригч хүчин МАН-ын Удирдах зөвлөл 16:00 цагт хуралдах бол  бага хурлаа 18:00 цагт товложээ. МАН-аас Хэнтийн УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас тус аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа. Өмгөөлөгч н.Батжав нар нэр дэвших хүсэлтээ намын удирдлагадаа өгсөн хэдий ч Удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч л батламжлагдана. Өмнөх парламентад энэ тойрогт нэр дэвшин сонгогдсон Д.Гантулгыг нэр дуулдаж байгаа. Гэхдээ хувь хүн өөрөө горилж байгаа ч өмнөх парламентад сонгогдоод хүчингийн хэргээр шалгагдсан хүнийг МАН нэр дэвшүүлэхгүй нь тодорхой биз. Харин Засаг дарга асан Н.Ганбямбын тухайд өмнөх парламентын үед тухайн тойрогт нөхөн сонгууль явуулбал нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл энэ удаад тойргоо байтугай нутгаа зургаан жил “усалсан” эрхэм нэр дэвшин өрсөлдөхийг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр сонгогчид Засаг дарга нарт халгаатай байдгийг санахад илүүдэхгүй биз. Тус аймагт парламентын хоёр сонгууль дараалан МАН-аас нэр дэвшигчид сонгогдсон. Энэ нь дахин улаан сонголт хийнэ гэсэн баталгаа биш юм.

 

АН-ын тухайд тус тойрогт нэр дэвших магадлалтай эрхмээр УИХ-ын гишүүн асан н.Гарамгайбаатар яригдаж байсан хэдий ч өөрөө нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Хэнтий аймаг дахь АН-ын сонгуулийн ажлын хэсгийг ахалж оролцох юм билээ. Тиймээс дараагийн хувилбарт нийслэлийн орлогч дарга асан Ц.Баатархүүгийн нэр явж байна лээ. Гэхдээ энэ нь магадлал өндөр бус. Сонгуульд оролцох бусад нам, эвслээс нэр дэвшихээр горилогчид тун удахгүй тодорно.

 

Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигчид ширүүхэн өрсөлдөх төлөвтэй. Эрх баригч хүчнээс нөхөн сонгуульд нэр дэвших эрхмээр Н.Энхбаярын хүү Э.Батшугар эртнээс яригдсан. МАН, МАХН-ын нэгдсэн хамтын ажиллагааны тохироогоор өнөөдөр Э.Батшугарыг нэр дэвшигчээр сонгон батламжилна. Гэхдээ МАН-ын бусад бүлэг, фракц эсэргүүцэл үзүүлж байгаа. Наанадаж М.Энхболдын хотын фракцынхан дахин хүчээ авсныг ажиглагчид хэлж байгаа. Эрх баригчид бусад нам, эвслээс гадна бие даагчид энэ тойрогт хүч үзэхээр горилж байгаа нь санал хуваах магадлал өндөр гэдгийг тооцож, нэр дэвшигчээ тодруулах биз.

 

Сөрөг хүчин АН-ын тухайд энэ тойрогт нийслэлийн Засаг дарга асан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр тохироонд хүрсэн байна лээ. Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлнэ, тус дүүргийг нийслэлийн төв болгоно гэж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн түүхтэй. Тиймээс ч тэр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн тохиолдол хэлэх үг, хийсэн ажилтай эрхэм. Харин парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл Зөв хүн-Электрат эвслээс ХҮН-ын дарга асан Б.Найдалааг нэр дэвшүүлж байгаа юм билээ.

 

Өнөөдөр нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулах хуулийн заалттай ч СЕХ-нд есдүгээр сарын 6-ны дотор  СЕХ-нд материлаа хүргүүлнэ. Энэ хугацаатай зэрэгцээд бие даагчид мөн материалаа хүргүүлэх юм. Тиймээс намаасаа нэр дэвших дэмжлэг авч чадаагүй зарим улстөрчдийг бие даан нэрээ дэвшүүлэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
БАТШУГАР ОДОО БОЛИО, ӨӨР ХҮН АЛГА ГЭЖ ҮҮ
2021-09-01
Зочин:
бүгд хогнууд. Хэнийг ч битгий сонго
2021-09-01
иргэн:
Хн
2021-09-01