ЭЦЭГ ЭХЧҮҮД: Хүүхдүүд танхимаар хичээллэхийг сонсоод маш их догдолсон

Хичээлийн шинэ жил эхэллээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 01-нээс эхэлж, тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус хослуулсан хэлбэрээр нээхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллах зохицуулалтыг БШУЯ-наас гаргасан.
Гэвч сүүлийн өдрүүдэд коронавирус халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 01-нд шинээр 3726 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр батлагдсан тохиолдлын 916 нь Улаанбаатар хотод, 2810 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас долоон хүн нас баржээ. Мөн манай улсад коронавирус халдварын “Дельта” хувилбар эрчимтэй тархаж байгаа. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, ЭМЯ-наас энэ сарын 15-ны үед халдварын хоёр дахь давлагааны оргил үе байхыг сануулж буй. Цар тахлын үед эхэлсэн танхимын хичээлийн эхний өдөр эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Цахим хичээл танхимын сургалтын чанарт хүрэхгүй байгаа

Баянзүрх дүүргийн иргэн Д.Тунгалаг:
-Манай хоёр хүүхэд ЕБС-ийн бага, дунд ангид суралцдаг. Халдварын улмаас хоёр жил цахимаар хичээллээ. Манай хүүхэд энэ жил дөрөвдүгээр ангид элсэн суралцаж байна. Цахим хичээл танхимын сургалтын чанарт хүрэхгүй байгаа. Есдүгээр сарын 01-нд хичээлд явахад нь сургуулиас зөвлөсний дагуу бэлтгэсэн. Сурагчид хичээлийн хоцрогдолтой байна. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, танхимаар хичээллэх нь зөв. Есдүгээр сарын 01-нд танхимаар хичээллэхийг сонсоод хүүхдүүд маань маш их догдолж, баярласан. Өглөө эрт босоод өөрөө хувцасаа өмсөөд бэлдсэн. Нэг ангийн хүүхдүүд бие биенийгээ санасан байна.
ЕБС-ийн хичээллэх 5/9-ийн зарчмыг дэмжиж байгаа

Баянзүрх дүүргийн III хорооны иргэн Д.Баатарням:
-Манай улсад төдийгүй дэлхий дахинаа цар тахлын улмаас танхимын хичээлийг тодорхой цаг хугацаанд хязгаарлалаа. Холбогдох яамнаас тодорхой судлагааны үндсэн дээр танхимаар хичээллэх шийдвэр гаргасан гэж бодож байна. Хэдийгээр цахимаар хичээллэж байгаа ч хоцрогдож байгаа. Цахим хичээл танхимын хичээлийн чанарт хүрэхгүй байна гэсэн дүгнэлтийг эцэг эхчүүд гаргаж байна. Өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байгаа. Гэхдээ Боловсролын яамнаас батласан журмын дагуу зохион байгуулалттай явбал боломжтой. ЕБС-ийн хичээллэх 5/9-ийн зарчмыг дэмжиж байгаа.
Манай хоёр хүүхэд ЕБС-д суралцдаг. Дунд охин маань долдугаар анги, бага охин маань нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Манай гэр бүлийн хувьд танхимын хичээлд эртнээс бэлдсэн. Эцэг эхчүүдийн зохион байгуулалт чухал байна. Өсвөр насны хүүхдүүд удаан хугацаанд гэртээ байхаар ангийн найзуудаа, багшийгаа санадаг юм байна. Танхимаар хичээллэхийг сонсоод хүүхдүүд маань баярласан. Хуваарийн дагуу долдугаар ангийн охины маань хичээл энэ долоо хоногт цанхимаар хичээллэх бол нэгдүгээр ангид элсэн сурч байгаа охины маань хичээл танхимаар хичээллэж байна.
Нөхцөл байдалдаа дасан зохицож танхимаар суралцах хэрэгтэй

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Чимгээ:
-Коронавирусийн цар тахал хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй байна. Тиймээс бид өнөөгийн нөхцөл байдалтайгаа эвлэрч, дасан зохицож танхимаар суралцах хэрэгтэй. Сурагчдад дахин цахимаар суралцах хүсэл байхгүй байна. Сурагчид сургуульдаа явахдаа маш их баяртай байлаа. Тиймээс коронавирус хэзээ дуусахыг хүлээх биш дасан зохицож амьдрах хэрэгтэй. Манай гурван хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Танхимаар хичээллэхдээ маш баяртай байлаа.
Хүүхдүүд цахим хичээл хийх дургүй байдаг

Баянзүрх дүүргийн иргэн Э.Мөнх-Эрдэнэ:
-Манай хоёр хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Хүүхдүүд гэртээ байгаа болохоор цахим хичээл хийх дургүй байдаг. Харин сургуулийн орчинд танхимаар хичээллэх дуртай байна. Хичээлийн хоцрогдлыг нь нөхөхийн тулд гэрийн багшаас давтлага авсан. Бүхий л газар эрсдэлтэй байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаад танхимаар хичээллэх нь зүйтэй.
Нөхцөл байдал хүндэрвэл бүрэн цахимаар хичээллэхийг сонгоно

ХУД-ийн иргэн А.Өсөхбаяр:
-Манай дүү ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангид суралцдаг. Хичээл хоцрогдсон. Цахимаар хичээллэж эхлэх үед танхимаар хичээллэхээс ялгаагүй санагдсан. Гэхдээ урт хугацаандаа цахимаар хичээллэхээр танхимын хичээл нь илүү санагдсан. Гэхдээ эрүүл мэнд чухал. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл бүрэн цахимаар хичээллэхийг сонгоно.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ