Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн форумд оролцоно

Өнөөдөр ОХУ-ын Владивосток хотноо VI Дорнын эдийн засгийн форум нээлтээ хийнэ. Энэ форум есдүгээр сарын дөрөвний өдрийг дуустал үргэлжлэх юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь энэ жил "Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахин дахь Алс Дорнодын шинэ боломжууд" сэдвийн дор явагдах юм байна. Форумын оролцогчид Алс Дорнод болон Арктикийн боломж, сорилтууд, цар тахлын нөхцөл дэх түншлэл, тоон хувьслыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, инноваци, аялал жуулчлал зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаар хэлэлцэх аж.
Маргааш буюу есдүгээр сарын гуравны өдөр нэгдсэн хуралдаан болох бөгөөд энэ хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн оролцох бол Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар цахимаар оролцоно гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Түүнчлэн энэ хуралд, Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Таиландын Ерөнхий сайд Прают Чан-Оча нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ