Шанхай хот хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг тэргүүлэв
2021-09-02

Хятадын эдийн засгийн нийслэл гэгддэг Шанхай хот 2020 оны дэлхийн хамгийн өндөр өртөгтэй газраар нэрлэгджээ. Энэ талаар Julius Baer компанийн бэлтгэсэн тайланд өгүүлсэн байна. Өндөр өртөгтэй хотуудыг жагсаахдаа шинжээчид дэлхийн 25 хот дахь тансаг хэрэглээний 20 бараа бүтээгдэхүүний хэрэглээний үнийн индексийг харьцуулжээ. 

 

Шинжээчдийн дүгнэснээр, Шанхай хотод цар тахлын эхний жилд тансаг хэрэглээний бүтээгдэхүүн, техник, эмнэлгийн үйлчилгээний үнэ дунджаар зургаан хувиар нэмэгдсэн байна. Тэр дундаа онгоцны тийзийн үнэ хамгийн ихээр буюу 82 хувиар өсчээ.

 

Хоёрдугаар байранд Японы Токио хот багтсан байна. Харин өмнө нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотод тооцогддог байсан Хонконгт жилийн хугацаанд үнэтэй бараа бүтээгдэхүүний өртөг төдийлөн өөрчлөгдөөгүй, ингэснээрээ жагсаалтын гуравдугаарт бичигджээ. 

 

Шинжээчдийн үзэж байгаагаар Азийн мегаполисууд хамгийн өндөр өртөгтэй хот болсон шалтгаан нь коронавирусийн цар тахлын эхний цохилтын дараа эдийн засаг нь эрчимтэй сэргэсэнтэй холбоотой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин