Талибан Панжшерийн нийслэлийг эзэлснээ, эсэргүүцэгчид талибын командлагчийг устгаснаа зарлав
2021-09-06


АНУ энэ оны тавдугаар сараас Афганистанаас цэргээ  гаргаж эхэлснээс хойш талибууд 20 жилийн өмнө алдсан эрх мэдлээ эргүүлэн авахын төлөө тулалдсаар наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд нийслэл Кабулыг эзэлсэн юм. Энэ өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ойрын хүрээллийнхнийхээ хамт эх орноосоо зугтсан бол дэд ерөнхийлөгч нутагтаа үлдэн, талибуудыг эсэргүүцэх фронтод нэгдэж, одоо энэ фронтынхон талибуудын хяналтад ороогүй цорын ганц нутаг болох Панжшер мужид "Талибан" хөдөлгөөнийхөнтэй тулалдаж байна. Бямба гарагт энэ хөдөлгөөнийнхөн ялагдсан, талибууд Панжшерийг хяналтдаа оруулж, ялалтаа тэмдэглэж байна гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарсан ч эсэргүүцлийн фронтынхон үргэлжлүүлэн тулалдсаар байгаа талаарх мэдээлэл ням гарагт гарсан юм. 

 

Талибан: Панжшерийн нийслэлийг эзэллээ

Ням гарагт талибууд өөрсдийнх нь хяналтад ороогүй Афганистаны цорын ганц муж болох Панжшерийн нийслэлд нэвтэрсэн талаар мэдэгджээ. Энэ талаар тус хөдөлгөөний төлөөлөгч Билал Карими Твиттер хуудсандаа мэдээлсэн байна. 

 

Талибуудын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, Базараку мужийн нийслэлтэй зэрэгцээ орших Рухаха төв болон цагдаагийн төв байрыг эзэлсэн, харин сөрөг хүчнийнхэн их хэмжээний хохирол амссан хэмээн онцолжээ. Түүнчлэн  их хэмжээний тээврийн хэрэгсэл, зэр зэвсэгийг эзлэн авсан гэнэ. 


Базаракад тулаан үргэлжилж байгаа гэж Талибан хөдөлгөөний төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд энэ мэдээллийг шалгах боломжгүй байсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Афганистаны Эсэргүүцлийн фронтынхон болсон үйл явдлын талаар ямар нэг тайлбар, мэдээлэл хийгээгүй байна. ВВС агентлагийн мэдээлснээр, Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронтын тэргүүн Ахмад Масуд зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, байлдааны ажиллагааг зогсоох тухай шашны зүтгэлтнүүдийн саналыг дэмжиж байгаа хэмээн мэдэгджээ. 

 

Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн талибуудын нэг командлагчийг хөнөөжээ 

 

Панжшерийг талибууд эзэлсэн, ялалтаа тэмдэглэж байна гэх мэдээлэл бямба гарагт гарч байсан бол ням гарагт сөрөг хүчний албан ёсны төлөөлөгч Фахим Дашти эдгээр мэдээллийг няцаасан юм. Түүний өгүүлснээр, талибууд эзэлсэн хэмээн зарлаж байсан Панжшерийн зүүн хойд Париан нутгийг 1000 талибаас чөлөөлж, тэднийг олзонд авсан гэнэ. 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ мэдээллийг мөн л шалгах боломжгүй байжээ. Түүнчлэн Фахим Дашти талибуудын гарт амиа алдсан гэх мэдээлэл ч гарсан байна. ТОЛО Ньюс-ийн мэдээлснээр, Дашти есдүгээр сарын тавны өдөр талибуудтай тулалдах үеэр амиа алджээ.


Одоо энэ бүс нутагт тулалдаа үргэлжилж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. 


Даваа гарагт шилжих шөнө “Талибан” хөдөлгөөний гол командлагчдын нэг Мавлави Фасихуддин Панжшер мужид алагджээ. Энэ талаар Афганистаны Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөний төлөөлөгчид Твиттер хуудсандаа мэдээлсэн байна. 

“Мавлави Фасихуддин Панжшер мужийн Пишгурд зургаан бие хамгаалагчийнхаа хамтаар алагдлаа” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. 


Талибууд энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Сүүлийн өдрүүдэд талибууд ихээхэн хохирол амсаж байгаа ч Панжшерийн хөндийг хэд хэдэн чиглэлээр довтолсоор байгаа юм. Үндэсний эсэргүүцлийн фронтын мэдээлснээр, олон зуун дайчин тэр дундаа гадаадын хөлснийхөн алагдаж, олон зуун хүн шархдаж, олзонд орсон гэнэ.

 
Ням гарагт талибууд хөндий рүү гурван талаас нь довтолсон байна. Одоо Шотул, Анава, Руха, Париян гэсэн суурин газруудад байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа гэж хоёр тал хоёулаа баталсан бөгөөд мөн талууд аль аль нь ихээхэн хохирол амсжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-09