Талибууд эмэгтэй оюутнуудыг эрчүүдээс тусгаарлан суралцуулах болжээ
2021-09-07

Афганистаныг хяналтдаа оруулсан "Талибан" хөдөлгөөн шинэ засгаа эмхлэн байгуулахаасаа өмнө өөрсдийн дүрэм журмыг ард иргэдэд ээлж дараалан тулгасаар байна. Өмнө нь эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг үүрэгдэж байсан тэд энэ удаад оюутнуудыг эр, эмээрээ тусгаарлагдан хичээллэх, эмэгэтйчүүд абайи, никаб хувцас өмсөхийг шаарджээ. 

 

AFP агентлагийн мэдээлснээр, талибууд хувийн их дээд сургуулиуд дээр эмэгтэй оюутнууд бүх биеэ хаасан урт даашинз болох хар абайи болон нүдээ л ил гаргасан никаб өмсөхийг шаардсан байна. Түүнчлэн эмэгтэй оюутнууд эрчүүдээс тусдаа сурах ёстой гэнэ. 

 

Мөн талибуудын гаргасан тушаалд зааснаар, их дээд сургуулиуд эмэгтэй оюутнуудад хичээл заах эмэгтэй багш эсвэл сайн нэр хүндтэй ахимаг насны эрэгтэй багш ажилд авах ёстой аж.

 

Тушаал ёсоор, эрэгтэй эмэгтэй оюутнууд тусдаа ангид эсвэл хаалтаар заагласан ангид тусгаарлагдан суралцах бөгөөд хичээл дуусмагц эмэгтэй оюутнууд сургуулиас гарах үед эрчүүдтэй мөргөлдөхгүйн тулд ангиас таван минутын өмнө гарч, тусгай танхимд хүлээх ёстой гэнэ. 

 

Талибууд 1996-2001 оны хооронд анх Афганистаныг захирч байхдаа эрэгтэй, эмэгтэй оюутнуудыг тусгаарлах суралцуулах тушаал гаргаж байсан нь эмэгтэйчүүд сургалтад хамрагдах хувийг ихээхэн бууруулж байсан аж. Тухайн үед эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахдаа нүүрээ бүтэн хаасан бурка гэх хувцас өмсөхийг шаарддаг байжээ.

 

Афганистаны нэгэн их сургуульд ажилладаг эмэгтэй нэрээ нууцлан RFI агентлагт ярилцлага өгөхдөө талибууд дахин хяналтаа тогтоож, ийнхүү оюутнуудыг тусгаарлах шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүд суралцах боломжийг ихээхэн боомилж байгаа бөгөөд учир нь хичээл бүрийг хоёр тусад нь орох багш олдохгүй байгаа гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг эрчүүдээс тусгаарлах анги танхим олоход хүндрэлтэй байгаа талаар өөр нэг сургуулийн багш Ассошейтед пресс агентлагт ярьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин