ДЭМБ: Коронавирусийг үндсээр нь устгах боломжгүй
2021-09-08

SARS-CoV-2 коронавирус хүний популяцид оршсоор байхын дээр томууны вирусууд шиг цааш үргэлжилнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ.

 

"Бид вирусийг устгах, нэг мөр үгүй болгоно гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ тийм биш, устгах магадлал маш бага" хэмээн Райан мэдэгджээ.

 

"Хэвтэн эмчлүүлэх, нас баралтаас зайлсхийж чадвал бид халдварын тархалтыг маш бага төвшинд тогтоон барьж чадна. Энэ  тохиолдолд эрүүл мэндийн салбар дахь онц байдлыг цуцалж болох юм. Харин вирус хэзээ устах вэ гэвэл хэзээ ч үгүй. Энэ бол бодит байдал. Вирус бидэнтэй үлдэнэ" хэмээн Райан тайлбарласан байна. 

 

Өмнө нь ДЭМБ мэдээлэхдээ, есдүгээр сарын эхний долоо хоногт дэлхий даяар коронавирусийн халдвар бага зэрэг буурсан талаар онцолж байв. ДЭМБ-ын мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 221 сая хүн халдвар авчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин