Вакцин тариулаагүй хүмүүс гишгэх газаргүй болох нь
2021-09-10

2019 оны 12 дугаар сарын сүүлээр анх Хятадын Ухань хотод дэгдэж, цаашлаад дэлхий даяар тархан цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвар төдийлөн намжихгүй л байна. Эмчлэх эм, вакцин байхгүй шинэ төрлийн халдвар гарч дэлхийгээр нэг тархахад хүмүүс ихээхэн цочирдож, анагаах ухааны гайхамшгийг хүлээж, вакцин гарах өдрийг хуруу даран тоолж байлаа. Гэвч одоо дэлхий даяар цөөнгүй вакцин гарч, хөгжингүй орнууд ард иргэдээ хамгаалахаар вакциныг ихээр нөөцөлсөн ч вакцинд үл итгэгчид дархлаажуулалтад төдийлөн идэвхтэй хамрагдахгүй хэвээр л байна.

 

Уханьд анх гарсан вирус хэдэнтээ хувирч, эм вакцинд тэсвэрлэх чадвартай болж байгаагийн гол буруутнууд нь вакцин тариулаагүй хүмүүс гэж эрдэмтэд анхааруулсаар л байгаа. Гэсэн ч тэдэнд эрдэмтдийн үгийг сонсох хүсэл үгүй. Нэгэнт л дэлхийн олон орны иргэд ийнхүү вакцинаас татгалзаж, улмаар вирус хэдэнтээ мутацид орж улам аюултай болж байгаа тул улс орнууд халдвар хамгааллын арга хэмжээг чангатгахаас аргагүй болж, энэ удаад чухамхүү вакцин эсэргүүцэгчдийн эсрэг арга хэмжээ авахаар болж байгаа юм. 

 

Европын орнууд энэ тал дээр сүүлийн үед дорвитой арга хэмжээнүүд авахаар төлөвлөж байна. Тухайлбал, Австри улс энэ намар коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор шаардлагатай бол бүх хүнд биш харин вакцин тариулаагүй хүмүүст зориулсан хөл хорио тогтоохоор зэхэж байгаа гэнэ.

 

Энэ улсын канцлерын мэдэгдсэнээр, халдварын нөхцөл хүнд байгаа ч цаашид вакцин тариулсан хүмүүсийг хязгаарлалтад хамруулахгүй байхаар төлөвлөжээ. Ингэснээр вакцинд хамрагдаагүй хүмүүсийг шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, олон нийтийн арга хэмжээнд оролцохыг нь хориглох юм байна. Түүнчлэн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн, вакцин тариулаагүй хүмүүсийг FFP2 шүүгчтэй амны хаалт зүүхийг шаардахын дээр коронавирусийн шинжилгээний хариу нь богино хугацаанд хүчинтэй байх аж. 

 

Герман улсад ч нөхцөл байдал сайнгүй байна. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн анагаах ухааны холбооны тэргүүн Франк Ульрих Монтгомери коронавирусийн вакцинд хамрагдаагүй германчуудад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.

 

"Нөхцөл байдал нэн хүндрээгүй байгаа дээр нь, дөрөв дэх давалгааг зогсоохын тулд Германы нутаг дэвсгэр даяар "2G" дүрэм"-ийг нэвтрүүлэх ёстой гэж тэрбээр мэдэгджээ. Түүний өгүүлснээр явуулын вакцины цэг дархлаажуултад хамрагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлж чадахгүй, харин "2 G дүрэм" -ийн дагуу вакцинд хамрагдсан хүмүүс (германаар "geimpft") болон коронавирусийн халдвар аваад эдгэрсэн ("genesen") хүмүүс зоогийн газар болон бусад олон нийтийн газраар үйлчлүүлж болох гэнэ.

 

Харин дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийг ялган үйлчлэх боломжгүй нийтийн тээвэр зэрэг салбаруудад "3G" гэх илүү хатуу дүрэм үйлчлэх ёстой, түргэвчилсэн тест хангалтгүй тул хүмүүс PCR шинжилгээний хариу үзүүлэх ёстой гэж Монтгомери мэдэгджээ. Түүний өгүүлснээр ийм арга хэмжээ авч хэрэгжүүлснээр хүмүүсийг вакцинд хамрагдахыг шахах боломжтой гэнэ. 

 

Германы Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, одоогийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмлүүлж байгаа өвчтөнүүдийн 90-95 хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байгаа аж.

 

АНУ, Итали, Украин зэрэг олон орон албадан вакцин хийх шийдэлд хүрээд байгаа бөгөөд Турк улс гэхэд л вакцинд хамрагдаагүй хүмүүст олон хязгаарлалт тогтоохоо энэ долоо хоногт зарласан юм. Цар тахлын үед эдийн засгийнх нь гол салбаруудын нэг болсон аялал жуулчлалыг хөл дээр нь босгох үүднээс Турк улс гадаадын жуулчдад хязгаарлалт тавиагүй, гагцхүү вакцинд хамрагдаагүй хүмүүсийг олон нийтийн газраар үйлчлүүлэх, хот хооронд зорчих бол шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж эхэлсэн байна. АНУ-ын тухайд өмнө нь эмнэлгийн ажилтнууд болон цэргийн албан хаагчдаа албан журмаар дархлаажуулсан. Гэсэн ч энэ нь хангалтгүй хэмээн үзэж хувийн хэвшлийнхнийг ажилтнуудаа зайлшгүй вакцинд хамруулахыг шаардахаар болжээ.

 

Анхлан 2019 онд Уханьд бүртгэгдэж байсан коронавирусийн хувилбар хэдийнэ үгүй болж тэр үеэс хойш 10 гаруй мутаци бүртгэгдээд байна. Ийнхүү вирус мутацид ороход хамгийн таатай орчин нь дархлаажаагүй буюу вакцинд хамрагдаагүй хүмүүсийн бие болдог гэж эрдэмтэд анхааруулсаар л байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин