СЕХ өнөөдөр нөхөн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тогтоол гаргана
2021-09-10

 

УИХ-ын нөхөн сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг СЕХ өнөөдөр шийдвэрлэнэ. Хуулиараа "Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана" гэж заасан байдаг. Хэрвээ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно.

Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёр тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд 9 нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлснээс , Үнэн ба Зөв нам нэг,  МАН хоёр, АН хоёр,  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам нэг, Ард түмний олонхийн засаглал нам хоёр, "Зөв хүн-Электорат" эвсэл нэг, Дэлхийн Монголчууд нам нэг, Иргэний зориг-Ногоон намхоёр, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам хоёр нэр дэвшигчийн бичиг баримтыг тус тус сонгуулийн төв байгууллагад хүргүүлжээ.

 

Нөхөн сонгуулиар МАН-аас УИХ-ын 18 дугаар тойрогт Засаг дарга Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Батшугарын нэрийг дэвшүүлсэн. Харин АН-аас УИХ-ын 18 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, 28 дугаар тойрогт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын нэрийг дэвшүүлээд байгаа. 

 

Мөн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт "Зөв хүн-Электорат" эвслээс ХҮН намын дарга асан Б.Найдалаагийн нэрийг дэвшүүлсэн билээ. 

 

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлэх юм. УИХ-ын сонгуулийн нөхөн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 10-нд явагдах юм. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин