Сахал нүүр цохигдохоос хамгаалдаг гэж баталсан эрдэмтэд Шнобелийн шагнал хүртжээ
2021-09-10 15:20

Нүүрэндээ цохиулахаас хамгаалахын тулд эрчүүд сахлаа ургуулах болсон гэх онолыг баталсан Америкийн гурван эрдэмтэн Шнобелийн шагнал хүртжээ.

 

Итан Бесерис, Стивен Нейлуэй болон Дэвид Кэрриер нарын өгүүлснээр, шинжлэх ухааны нэг маргаан ширүүсэж, арайтай л зодоон болчихоогүй нэг тохиолдлын дараа дээрх судалгааг хийхээр шийдсэн гэнэ. Ингээд эрдэмтэд хонины арьсаар бүрхсэн хүний гавлын ясан дээр хэдэнтээ туршилт хийжээ. Туршилтын дүнгээс харахад, цохилтын эрчмийн 37 хувийг сахал шингээдэг нь тогтоосон байна. 

 

Стандарт бус үзэл санаа, хийсвэр ололтуудын төлөө өгдөг Шнобелийн шагналыг өнгөрсөн онд "эрдэмтэд, эмч нараас илүү амьдрал, үхэлд улс төрчид илүү хүчтэй нөлөөлж чаддаг гэдгийг дэлхий нийтэд харуулахын үүднээс коронавирусийн цар тахлыг ашигласан" есөн орны тэргүүн хүртсэн юм. "Анагаах ухааны боловсрол" нэр төрөлд Шнобелийн шагнал хүртсэн хүмүүс нь Беларусийн Ерөнхийлөгч  Александр Лукашенко, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Мексикийн Ерөнхийлөгч  Андрес Мануэль Лопес Обрадор, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар байлаа.

 

Шнобелийн шагнал буюу "Ig Nobel Prize" нь Нобелийн шагналын элэглэсэн хувилбар бөгөөд 1991 онд Америкийн  Annals of Improbable Research сэтгүүл гаргасан юм. Анхлаад энэ шагналыг "хийх боломжгүй эсвэл хийж болохгүй судалгаанууд"-д өгч байлаа. Харин дараа нь үүнийг өөрчилж, "эхлээд инээд хүргэх ч дараа нь эргэцүүлэхээс аргагүй болдог" судалгаануудад өгөхөөр болсон байна. Шагналыг жил бүр Харвардад олгодог бөгөөд энэ жилийн "гутамшигт шагнал"-ын эздийг improbable.com дээр нийтэлжээ. 

Shuud.mn
Сонин хачин