У.Хүрэлсүх: Нөөцөө дайчлан ажлын байраа хадгалсан баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдад баярлалаа
2021-09-13

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар  “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.

 

Уулзалтыг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 255 сая хүн Ковид-19 цар тахлын халдвар авч, 4.6 сая хүн нас бараад байна. Манай улсын 232 мянган хүн энэ цар тахалд өртөж, өнөөдрийн байдлаар 963 хүн нас барлаа.

 

Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан ард иргэдийн араас харамсан гашуудаж байна. Тэднийхээ ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

 

 

Энэ аймшигт цар тахлаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх чиглэлээр төр засгаас тодорхой арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. ДЭМБ-ын судлаачдын үзэж байгаагаар манай улсын дархлаажуулалт харьцангуй хурдтай явагдаж байгаа бөгөөд дэлхийн дундажаас ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Монгол Улсын хүн амын 65 хувь нь II тунд бүрэн хамрагдаад байна. 

 

Одоогоос жил гаруйн өмнө дэлхий нийтэд цар тахал дэгдэж, вакцин гараагүй, амны хаалт хүрэлцээгүй, вирусын эсрэг эм тариагүй, эмнэлгийн ажилтныг бэлтгэж чадаагүй дэлхий даяараа сандарч байсан. Харин тэр үед монголчууд бид цагийн байдлыг зөв үнэлж, цаг алдалгүй хилээ хааж, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадсаны үр дүнд 10 гаруй сар цар тахлыг эх орондоо нэвтрүүлэлгүй барьж, вакцинтай золгосон нь манай ард түмний том амжилт байлаа. Гэхдээ бүх санасны дагуу сайн сайхан байгаагүй. Бидэнд урьдчилан тооцоолох боломжгүй, тооцоолж чадаагүй олон асуудал байсан. Цаашид цар тахлаас олж авсан ололт амжилт, алдаа дутагдлаасаа сургамж авч, үнэлэл дүгнэлт өгч, бодлого стратегиа улам чамбайруулж,илүү эрч хүчтэй, сахилга зохион байгуулалттай ажиллах зайлшгүй шаардлагатай байна. 

 

Энэ цаг үед өөрт байгаа бүхий л боломж нөхцөлөө дайчлан бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдадаа ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

Бидний үзэж байгаагаар цар тахлын эсрэг авах хамгийн гол арга хэмжээ нь богино хугацаанд хүн амаа бүрэн дархлаажуулж, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг сахин хамгаалж, төрийн тогтвортой байдал, төрийн хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эрс сайжруулах явдал байна. Нэн ялангуяа эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төрийн хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа харилцан ойлголцол урьдынхаас илүү чухал байна. Тиймээс та бүхэн эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхэн улстөржилт, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, салхилга бат, дэг журмыг чанд сахиж, уялдаа холбоотой, мэдрэмжтэй, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна" гэдгийг хэллээ.

 

Мөн ерөнхийлөгч "Эдийн засгийн сэргэлтийн эрчимжүүлж, эрхзүйн шинэ орчныг бий болгон халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжин стратегийн зорилтыг хэрэгжүүлэх чухал байна.

 

Иргэн баян бол улс баян. Судалгаанаас харахад сүүлийн 10  гаруй жил манайд орны ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан ч хүн амын 1/3 нь ядуу хэвээр байна. Тиймээс монголчууд бид ядуурлыг бууруулахад онцгой анхаарч, ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болох зорилтыг тавьж, хамтдаа ажиллая. Энэ зорилтыг хангахын тулд баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж хамтран ажиллая. Тэдэнд тусалж, аливаа эрсдэлээс хамгаалъя. Ажиллаж, амьдрах эрхзүйн таатай боломжийг олгож өгье. Энэ бол төрийн хийх ажил" гэдгийг онцлон хэллээ.

 

Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сайд нар, гааль, татварын байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, бизнесийн салбарын асуудлыг сонсч, шийдэх юм байна. Энэхүү уулзалтыг жил бүрийн 09 дүгээр сард Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах аж.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Үйлдвэр завод ганцыг ч барихгүй байж ажлын байр гээд гуцаад байх....
2021-09-13
HELEH BISH HILGULEH HEREGTEI BNA
2021-09-13