Талибууд Панжшер дэх Ахмад Шах Масудын бунханыг сэргээн засварлажээ
2021-09-13

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөний дайчид Панжшер мужид талибуудыг эсэргүүцэн тулалдаж буй фронтын удирдагч Ахмад Масудын эцэг Ахмад Шах Масудын бунханыг тонуулчид сүйтгэсэн байсныг сэргээн засварлажээ. Энэ талаар Афганы Херал Таймс сонин мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, талибууд Панжшер мужийн төв Базарак хотоос найман километр зайд байх бунханы шилэн болон гантиг хийцүүдийг засварлажээ. Түүнчлэн буруутай этгээдүүдийг олж шийтгэн, Үндэсний баатар Ахмад Шах Масудын дурсгалд зориулсан байгууламжийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна.

 

Өмнө нь хэвлэлүүд мэдээлэхдээ талибууд энэ дурсгалын цогцолборыг сүйтгэсэн хэмээн онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин