Эдийн засгийн сэргэлтийг хэрхэн эрчимжүүлэх вэ
2021-09-14 10:03
Гэрэл зургуудыг MPA.mn

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад өчигдөр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан энэ уулзалтад төрийн гурван өндөрлөг бодлогоо танилцуулж, хувийн хэвшлийнхний саналыг сонссон билээ. Зөвлөлдөх уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал"-ыг , УИХ-ын дарга Г.Занданшатар " Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгаж, үүнийгээ бодитой хэрэгжүүлэх зөв механизмд тулгуурлах"-ыг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох  боломж олгох ёстой"-г тус тус онцолж байлаа. Ингээд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх талаар төрийн гурван өндөрлөгийн байр суурь, бодлогыг хүргэе. 

 

Ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байх хэрэгтэй

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

 

-Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай байна. Үүнийг ажил хэрэг болгоход төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалах, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмыг онцгой анхаарах ёстой.

 

Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал.

 

Иймээс ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж, харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатай.Цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллахыг уриалж байна.

 

 Эрсдэл нүүрлэсэн энэ амаргүй хөрснөөс үсрэнгүй хөгжлийн цэцэг ургуулах үйлсэд нэгдэн зүтгэцгээе

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, боломжийг бодит үр дүн болгох улс төрийн нөхцөл бүрдээд байна. Улмаар НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харах, үсрэнгүй хөгжиж дэвших боломжит түүхэн цаг  үе ирлээ гэж үзэж байна. Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, КОВИД-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар Улсын Их Хурал дээр Ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Эрх зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын гурван хувьсгалыг  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зорилтын хүрээнд Их Хурал хэрэгжүүлж эхэлсэн. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. Одоо эдийн засгийн шинэчлэлээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 

ЭРСДЭЛ-ийн сүүдрээс БОЛОМЖ-ийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй байж болох юм. Үсрэнгүй хөгжлийг хурдацтай бий болгож, “эдийн засгийн гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон, Хонконг, Тайваний хөгжлийн сайн туршлагаас суралцаж, Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгаж, үүнийгээ бодитой хэрэгжүүлэх зөв механизмд тулгуурлах нь чухал байна. Энэ зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна.

 

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх, цар тахлын дараа эдийн засгаа богино хугацаанд үсрэнгүй хөгжлийн замд хөтлөн гаргах зорилт бол Монгол төрийн бодлого, Монгол түмний хүсэмжлэл, Та бидний хүсэмжлэл юм. Энэ зорилтоо бид НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж, цэгцрэх хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна. Бидэнд ийм нөөц, бололцоо бүрэн байна. Эрдэс баялгийн арвин үүцтэй, эрдэмт хүний дундаршгүй нөөцтэй, хувийн хэвшил нь өндөр чадавхитай улс орон бол Монгол. Эрсдэлийг даван туулах, улсаа хөгжүүлэх энэ эрхэм зорилгод хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид тулгуур багана болно гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

 

 “Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно” гэсэн үг байдаг. Хүсэл зорилгоо нэгтгэж, эрсдэл нүүрлэсэн энэ амаргүй хөрснөөс үсрэнгүй хөгжлийн цэцэг ургуулах үйлсэд нэгдэн зүтгэцгээе.

 

Ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох  боломж олгох ёстой

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого нь улс төрийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төсвийн шинэчлэл хийх зорилготой. Хууль батлахаасаа өмнө хувийн хэвшлийнхнээ хэлэлцүүлэгт урьдаг, мэдээлэл өгч хамтрах ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа гэж олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болгох цаг иржээ.


Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой байлгах, саад хийхгүй байх орчныг бүрдүүлэх нь чухал. Төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох  боломж олгох ёстой.

 

Төсвийн шинэчлэлийн хүрээнд:

  • Төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, ХАРИУЦЛАГА, ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ шинэчлэл хийнэ.

  • Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС- ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийнэ.

  • ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАЖ, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын автозамын ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.

  • ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж СТАНДАРТ-ЧАНАР- ӨРСӨЛДӨӨН-д СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.

  • Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан нийт дүнгийн санхүүжилт бүхий зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагад олгох замаар

  • ТӨРИЙН АЛБАНЫ БҮТЦИЙГ ШИНЭЧИЛЖ, ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах юм.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Хмммм 3 н сд гийн байж байгааааг чёрт. Гахай хоншоорт. Хүүрэнсүг данхан толгойт том баастай хүүхэд 3 л бн зайлуул. Төрийн эрхийг хууль бусаар авчаад ичихгүй ээ?
2021-09-14