Дэд сайд Б.Мөнхжин Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элчтэй уулзлаа
2021-09-14 14:59

ИБУИНХУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн парламентын нийтийн танхимын гишүүн, Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Д.Кавченскитай Вестминстрийн ордонд 2021 оны 9 дүгээр сарын 13-нд уулзалт хийв.

 

 

Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар харилцан санал солилцов.

 

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Монгол Улсыг Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-д хамруулсан явдал нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг онцлов.

 

Дэд сайд Б.Мөнхжин Худалдааны элч ноён Даниел Кавченскиг ойрын хугацаанд Монгол Улсад зочлохыг урьж, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн орчинтой танилцаж, Монголын томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

 

2021 оны хоёрдугаар сард Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар Монгол Улсыг Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон ба ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Британийн зах зээлд татваргүй болон тарифын нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдсэн юм.

 

Монгол-Британийн худалдааны эргэлт 2020 онд 117 сая ам.доллар байснаас экспорт 84 сая ам.доллар, импорт 33 сая ам.доллар байв.

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин