Зуун төгрөгийн зовлон
2021-09-15

Монголчуудын зовлон дуусахгүй. Гэхдээ зовлонгуудын шалтгаан нь бид өөрсдөө. Манай улс газрын тостой, тэрийгээ экспортолдог. Тэгээд газрын тос экспортолсон үнээсээ илүү өндөр төлбөрөөр шатахуун импортолдог. Ёстой үйлийн үр гэлтэй. Үе үеийн Засгийн газар, улстөрчид газрын тосны үйлдвэрийн тухай дуусашгүй яриа дэлгэдэг ч өнөөх үйлдвэр нь өнөөдөр ч байхгүй. Энэтхэгийн Засгийн газрын тусламжаар Дорноговьд газрын тосны үйлдвэр барихаар эхлүүлсэн ч гацаж, удааширсаар урагшилсангүй. Бид өнөө л зовлонгоо үргэлжлүүлэн эдлэх нь тодорхой болов.

 

Наймдугаар сарын 03-ны өдөр АМГТГ-аас шатахууны талаар хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр тус газрын дарга Х.Хэрлэн “Өнөөдөртөө багтаж, шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна” хэмээн мэдэгдэв. 300, 300 төгрөгөөр дараалан өссөний дараа 100 төгрөгөөр буурах тухай ярьсан түүний үгийг шатахуун импортлогчид сонссонгүй, үнэ ч буурсангүй.

 

 

Өчигдөр тус газраас шатахууны нөөцийн талаар хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мөн л өнөөх 100 төгрөгийн талаар ярив.

 

Тэрбээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгах шаардлага тавьж байгаагаа хэлэв. Гэхдээ шатахууны үнэ хэзээ 100 төгрөгөөр буурахыг мэдэхгүй. Учир нь гэнэт нэмсэн шигээ үнийг гэнэт буулгаж болдоггүй гэнэ. Энэ үгийг Ц.Эрдэнэбаяр дарга хэллээ. Тэрбээр “Маргааш буулгана гээд буулгадаг асуудал байхгүй” гэж тодотгов. Шатахуун импортлогчид нэг л өглөө босоод ирэхэд бүтээгдэхүүнийхээ үнийг гэнэт нэмж сюрприз барьж болдог ч буулгаж бол гэнэтийн бэлэг барихгүй гэнэ.

 

Тэгэхээр шатахуун импортлогчид энэ удаа ч АМГТГ-ын дарга нарын үгийг үл тоогоод өнгөрөөх нь тодорхой. Товчхондоо шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдсэн ч эргэж 100 төгрөгөөр буурна гэж итгэж найдах хэрэггүй гэсэн үг.

 

Газрын тосны асуудал хариуцсан төрийн төв байгууллагаас мэдээлэл хийх бүртээ импортлогчдыг хамгаалдаг. Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмэх бүрт дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн учраас манай импортлогчид нэмэхээс өөр аргагүй байсан хэмээн цээжээрээ хамгаалдаг. Үнээ нэмэхийн тулд зохиомлоор хомсдол үүсгэх эсвэл нөөц багаслаа гэж шууд хязгаарлалт хийн, иргэдэд шатахуун өгөхгүй байх үед манай импортлогчид чадах чинээгээрээ нөөц бүрдүүлж байгаа, хомсдол үүсгээгүй хэмээн өмнөөс нь тайлбар хийдэг. Шатахуун өгөхгүй шалтгаан, үнээ нэмсэн үндэслэлийн талаар импортлогчид ам нээдэггүй. Зөвхөн АМГТГ-ын хэдэн дарга нар л тайлбар хийж, нүүрээ улалзуулдаг. Энэ мэдээж тэдний ажил. Гэхдээ импортлогчдыг хэтэрхий хамгаалж, давраасны горыг тэд өөрсдөө амсаж байна. Үгийг нь сонсдог нэг ч импортлогч байхгүй, үл тоогоод өнгөрөөдгийг иргэд хангалттай харлаа. Гэтэл төрийн агентлагийн хэдэн дарга нар өнөө л 100 төгрөгөө улиглаж, ард түмний амыг тагласаар сууна.

 

 

Улс төр, элдэв монополь эрх, лобби үйлдлээс улбаалан газрын баялгаа боловсруулан ашиглаж чадахгүй байгаагийн хор уршгийг иргэд л амсдаг. Газрын тосны хангалттай нөөцтэй ч тэрийгээ түүхийгээр нь гадагш зөөж, өөрсдөө боловсруулсан бүтээгдэхүүн өндөр үнээр худалдан авч байгаа улсыг алтан дээр суусан гуйлгачид гэж муулж, басамжлах ч багадна. Гадагш хэдэн тэрбумаар нь урсгадаг ч дотооддоо 100 төгрөгийн зовлонд ороогдон суух ч гэж, хөөрхийлөлтэй байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
????:
Монголчуудын зовлон барагдах биш.????
2021-09-15