Холбооны мөрдөх товчооны илтгэл: 9/11 халдлагын ард юу байв?
2021-09-15

Хэдхэн өдрийн өмнө АНУ 20 жилийн тэртээ тохиосон, түүхэн дэх хамгийн аймшигт алан хядлагын хохирогчдын дурсгалыг уламжлал ёсоороо хүндэтгэн, эмгэнэл илэрхийлсэн. Энэ бол есдүгээр сарын 11-ний халдлага. Энэ халдлагын дараа америкчууд алан хядагчидтай дайн зарлан Ирак, Афганистан руу цэргээ оруулан, дайн өдөөсөн ч алан хядагчидтай хийсэн дайн төдийлөн үр дүнд хүрэлгүй, 20 жилийн дараа Афганистаныг алан хядагч гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Талибан" хөдөлгөөнийнхний гарт үлдээгээд гарсан юм. Мөн 20 жилийн дараа ч 9/11-ний халдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд хүрээгүй хэвээр л байна. Харин энэ удаад АНУ-ын холбооны мөрдөх товчооныхон мөрдөн шалгалтынхаа материалын зарим хэсгийг нийтэд дэлгэжээ. 

 

Солилцооны оюутан 

Холбооны мөрдөх товчооны 16 хуудас бүхий илтгэлд онгоц барьцаалсан Саудын Арабын харьяат Наваф аль-Хазми болон Халид аль-Мидхар нарын амиа золиослогчид 2000 оны намар АНУ-д ирсэн гэж өгүүлжээ. Тэд олон улсын солилцооны оюутны визээр АНУ-д ирсэн байна. 

Тэднийг хөлөө олоход Америкт байнга амьдран суудаг, Саудын харьяат Омар аль-Байоми гэгч тусалжээ. Тэдэнд халаасны мөнгө өгч, орон байр олж өгсөний дээр баримт бичгийг нь шийдэж өгсөн гэнэ. Холбооны мөрдөх товчооныхон аль-Байомиг Эр-Риядын дээд хүрээллийнхэнтэй холбоогүй гэж онцолсон ч Лос-Анжелес дахь Саудын элчин сайдын яаманд түүнийг яг л ойр дотны хүн шигээ хүлээж авч байсан гэнэ. Дипломат төлөөлөгчийн газрын хаягийн бүртгэлд түүнийг оюутан гэж тэмдэглэжээ. Онгоц хулгайлагдахаас хэдэн долоо хоногийн өмнө тэрбээр АНУ-ыг орхисон байна. 

 

Өөр нэг учиг нь, алан хядлагыг зохион байгуулагчид Лос-Анжелес дахь, Саудын хоёр дахь хааны том хүүгийн нэрээр нэрлэгдсэн сүмийн номлогч Фахад аль-Тумайритай холбоотой байжээ. Энэ сүмийн мөргөлчид энэхүү номлогч ихээхэн сэжигтэй хэмээн тусгай албаныханд мэдүүлж байсан бөгөөд олон сүсэгтэн түүний номлолд эргэлзэж байсан тул сүмд очихоо больж, хууль сахиулах байгууллагынхныг анхааралдаа авахыг зөвлөж байсан гэнэ. Харин 9/11 халдлагаас хэдэн долоо хоногийн өмнө аль-Тумайри алга болжээ. 


“Алан хядагчид “Аль-Каида”, Саудын Арабын зарим байгууллага, нутаг нэгтнүүдтэйгээ холбоотой байсан бөгөөд тэд онгоц хулгайлахад логистик болон санхүүийн тусламж үзүүлсэн байж болох юм. Гэхдээ гүйцэтгэгч болон Саудын Арабын эрх баригчдын хооронд шууд холбоо байхгүй. Ихэр цамхаг руу халдах талаар Саудын Араб урьдаас мэдэж байсан гэх мэдээлэл үгүй” хэмээн Холбооны мөрдөх товчооны илтгэлд дүгнэжээ. 

 

Тусгай албад энэ халдлагын зохион байгуулагчид болон гүйцэтгэгчдийн талаарх нэмэлт мэдээллийг өгнө гэж амалдаг. Гэхдээ олон нийтэд дэлгэсэн баримтуудыг ихээхэн засварлаж, өөрчилсөн байсан талаар РИА Новости мэдээлжээ.


Саад бэрхшээлтэй мөрдлөгө 

9/11 халдлагыг ивээн тэтгэсэн эсвэл удирдсан хүмүүсийн талаарх мэдээллийг Холбооны мөрдөх товчоо олон жилийн туршид дэлгэхгүй байсаар ирсэн. Харин Жо Байден Ерөнхийлөгч биечлэн тушаасны дараа л мэдээллийг дэлгэсэн байна. Үүнээс өмнө Жорж Буш, Барак Обама, Дональд Трамп ч энэ мэдээллийг ил болгуулж дөнгөөгүй юм. 


Хорин жилийн өмнө эхэлсэн мөрдөн шалгалт өнөө хэр дуусаагүй. Халдлагын 19 гүйцэтгэгчийн 15 нь Саудын Арабын паспорттай байсан гэдгийг тусгай албаныхан тухайн үед нь л тогтоож байлаа. 


Саудын Арабын хааны гэр бүл амиа золиослогчдын төлөвлөгөөний талаар мэдэж байсан гэж сэтгүүлчид мэдээлж, эрэн сурвалжлах нийтлэл гаргадаг ч Эр-Рияд үүнийг няцаасаар ирсэн юм. Мөн Цагаан ордон ч эмгэнэлт явдлыг ашиглахгүй байх, албан ёсны мөрдлөгийн үр дүнг хүлээхийг уриалдаг. 


“Аливаа үндэслэлгүй буруутгал, яаравчлан гарсан хууль нь хилийн чанадад байгаа Америкийн цэргүүдэд хор хохирол учруулна” гэж Хиллари Клинтон төрийн нарийн бичгийн дарга байхдаа мэдэгдэж байв. 


Амиа алдагсад болон бэртэж гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүдийг шүүхэд өгөх гэсэн оролдлогыг Америкийн Хуульзүйн яам таслан зогсоож байлаа. Ингэхдээ бусад улс орнууд Америкийн нэхэмжлэлээс хамгаалагдах халдашгүй эрхийг олгосон 1976 оны хуулийг иш татаж байлаа.

Харин олон нийтийн шахалтан дор конгресс 2016 онд 9/11 халдлагын тухай тусгай нэмэлт заалт баталсанаар амиа алдагсдын ар гэрийнхэн хүлээсгүй болов. Гэсэн ч энэ тоглоомд Барак Обама оролцож, энэ нэмэлтэд хориг тавьж байлаа. Энэ нь америкчуудын дургүйцлийг хүргэж, Цагаан ордныг “хоёр нүүр гаргасан” хэмээн буруутгаж байв. 

Ерөнхийлөгч буруутай хүмүүсийг олж шийтгэнэ гэж амалсан ч алан хядлагыг зохион байгуулахад оролцсон байж болзошгүй хүмүүсийг ийнхүү хамгаалсан нь америкчуудын дургүйцлийг төрүүлсэн юм. Тухайн үед Саудын Араб АНУ-ын газрын тосны гол нийлүүлэгч, Ойрх Дорнод дахь Вашингтоны гол стратегийн түнш байв. Саудын Арабт Эскан цэргийн цогцолбор байх бөгөөд тэндээс Америкийн зааварлагчид бүс нутгийн бүхий л орнууд руу нэвтрэх боломжтой байсан юм.

Харин ийнхүү газрын тос болон цэргийн баазын төлөө Цагаан ордон үндэсний эмгэнэлээ ч мартахад бэлэн гэж буруутгаж байв. 


2016 оны есдүгээр сард конгресс Обамагийн хоригийг хүлээн авалгүй, хууль хүчин төгөлдөр болжээ. Ингээд амиа алдсан хоёр мянга гаруй хүний ар гэр,  гэмтэж бэртсэн 20 мянган хүн Саудын Арабын эсрэг зарга үүсгэсэн юм. 


Холбоотон байх нь нэн чухал 


Энэ явцыг Дональд Трамп зогсоож орхив. Тэрбээр Ерөнхийлөгц болмогцоо анхны гадаад айлчлалаа чухамхүү Эр-Риядаас эхлэн, үүгээрээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа тунхагласан юм. 9/11 халдлагатай холбоотой сэдэвт саудчуудыг дурдахаас Цагаан ордон зайлсхийж, Стамбулд сэтгүүлч Жамаль Хашоггиг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт Саудын Арабын эрх баригчид сэжиглэгдэж байсныг ч хараагүй мэдээгүй мэт дүр эсгэж байлаа. 


Нөхцөл байдал Байденыг гарч ирсэнээр өөрчлөгдөв. Тэрбээр Ерөнхийлөгч болсон даруйдаа Саудын Арабт таагүй хандаж байгаагаа илэрхийлж, Хашогги сэтгүүлчийг хөнөөсөн үйл явдалд Эр-Рияд холбоотой эсэхийг мөрдөн шалгахыг уриалж байлаа. Хамгийн гол нь 9/11 халдлагын хэргийг шалгахад Байден ногоон гэрэл асаав. 


Энэ зун хохирогчдын гаргасан нэхэмжлэлээр болсон шүүхийн сонсголын хүрээнд 20 жилийн өмнө өндөр албан тушаал хашиж байсан Арабын хэд хэдэн албан тушаалтныг байцаажээ. Шүүх хурлууд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 20 жилийн тэртээх эмгэнэлт явдалд Саудын Араб холбоотой гэсэн нотлох баримт гараагүй л байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин