COVID-19: Хятадын 4.5 сая хүнтэй хотыг бүхэлд нь тусгаарлажээ
2021-09-15

Анх коронавирусийн халдвар дэгдсэн цагаас хойш нэн хатуу арга хэмжээ авч тархалтыг хумисаар ирсэн Хятадын эрх баригчид энэ удаад дельта хувилбарын тархалтыг зогсоох үүднээс Фужянь мужийн 4.5 сая хүнтэй хотыг бүхэлд нь тусгаарлажээ. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, Сяминь хотын оршин суугчид нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд хотоос гарах боломжгүй болсон байна Орон сууцны хорооллууд, хотын амин орон сууц бүхий суурингууд хаагдаж, аялал жуулчлалын бүс болсон энэ хотын үйлчилгээний байгууллагууд тэр дундаа кинотеатр, бар, дасгалын танхим, номын сангууд үйл ажиллагаагаа зогсоожээ.

 

Мягмар гарагаас эхлэн бүхий л хүүхдийн цэцэрлэг, бага болон дунд сургууль хаагдаж, сурагчид цахимаар хичээллэхээр болсон байна. Хот хоорондын тээврийн буудал бүхий л чиглэлийн тээвэрлэлтийг зогсоожээ. Хотын орлогч дарга Ляо Хуашэний өгүүлснээр, Сямынь хотын зарим хэсэгт иргэдийг олноор нь шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд удахгүй хот даяар шинжилгээ авахаар төлөвлөсөн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Фужянь мужид халдварын дэгдэлт гарч, одоогийн байдлаар гурван хотод нийт 103 халдварын тохиолдол бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин