COVID-19: Эдгэрсэний дараа ямар шинжилгээнүүд өгөх вэ?
2021-09-15

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс эрүүл мэндийн байдлаа мэдэхийн тулд зарим төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай. Мөнгө, цаг заваа дэмий үрэхгүйн тулд чухам ямар шинжилгээ өгөх хэрэгтэйг Оросын эмч нар зөвлөснөөр хүргэж байна. 

 

Оросын халдвар судлаач эмч Анна Баландинагийн зөвлөснөөр, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс цусаа шалгах хэрэгтэй гэнэ. Эмчийн зөвлөснөөр, нэн тэргүүнд цусны ерөнхий шинжилгээ өгч, цусны С реактив уургийг шалгах ёстой аж. Харин ковидоор өвчилсөн үедээ элэгний асуудалтай байсан хүмүүс биохимийн шинжилгээ ч өгөх ёстой гэнэ. 

 

Эмчийн зөвлөснөөр, цусны ерөнхий шинжилгээ, С реактив уургийг шалгуулсанаар хүний дархлааны байдал түүнчлэн үрэвслийн шинж тэмдэг биед үлдсэн эсэхийг тогтоох боломжтой гэнэ.Цусны ерөнхий шинжилгээ болон биохимийн шинжилгээг 14 хоног тутамд нэг удаа давтан өгөх нь зүйтэй аж. 

 

Оросын эмч нарын анхааруулж байгаагаар, ахмад настнууд, архаг үрэвслийн өвчинтэй хүмүүс, тамхи татдаг хүмүүс, венийн судас өргөссөн, таргалалт болон чихрийн шинжтэй хүмүүс илүү эрсдэлд өртөмтгий байдаг гэнэ. Халдвар аваад хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст эмчлэгч эмч нь тусгайлан шинжилгээ бичиж өгөх бол хөнгөн эсвэл дунд зэрэг хэлбэрээр өвдсөн хүмүүс өөрсдөө биедээ гарах аливаа өөрчлөлтүүдийг ажиглах шаардлагатайг эмч нар анхааруулжээ.

 

"Зүгээр сульдсан байсан ч эмчид хандах ёстой. Учир нь ердийн нэг ядаргаа, сульдах шинж тэмдгийн ард өвчин сэдрэх, ковидын дараах депресс зэрэг аюултай шинж тэмдгүүд нуугдаж байж мэднэ. Эмчтэйгээ зөвлөлдөн арга хэмжээ авах шаардлагатай. Өөрийгөө эмчлэх гэж оролдож болохгүй" хэмээн эмч Анна Баландина анхааруулжээ.

 

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс эрүүл мэнддээ ихээхэн анхаарч, жилд хамгийн багадаа хоёр удаа шинжилгээ өгөхийг зөвлөсөн байна. Шинжилгээгээр ямар нэг өөрчлөлт гарвал эмчдээ энэ талаар мэдэгдэж, шаардлагатай эмчилгээ авах ёстойг эмч нар сануулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин