9/11 халдлагын дараа Америкийн хувийн компаниуд хэрхэн баяжив
2021-09-16

Одоогоос 20 жилийн тэртээх есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Америкийн эрх баригчид алан хядагчидтай дайн зарлан, асар их хөрөнгө мөнгө зарцуулж байв. Нийтдээ 14 их наяд доллар зарцуулсан гэх бөгөөд үүнээс тал орчим хувийг батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт Пентагонд үйлчилгээ үзүүлж байсан арилжааны туслан гүйцэтгэгч компаниуд авсан гэнэ. Энэ талаар Брауны их сургууль болон АНУ-ын Олон улсын бодлогын төвөөс гаргасан судалгаанд өгүүлжээ. Энэхүү судалгааг энэ долоо хоногт олон нийтэд танилцуулсан юм.

 

Дээрх мөнгөний ихэнх хэсэг нь зэвсэг нийлүүлэгчдэд очжээ. Ассошейтед пресс агентлагийн мэдээлснээр, Ирак, Афганистан дахь байлдааны ажиллагааны бүсэд үйлчилгээ үзүүлдэг олон тооны дэд гүйцэтгэгчээс АНУ-ын Батлан хамгаалах яам хэр их хамааралтайг харуулж буй сүүлийн судалгаа гэнэ. Чухамхүү энэ хэт хамаарал нь Афганистан дахь Америкийн цэргийн ажиллагаа бүтэлгүйтсэний гол шалтгаануудын нэг гэж судалгаанд өгүүлсэн байна.

 

Нисдэг тэрэгнүүдийг дэд гүйцэтгэгчид олгодог байжээ

 

Есдүгээр сарын 11-ны халдлагын дараах дайны үеэр Батлан хамгаалах яамны хөлсөлсөн Америкийн корпорациуд цэргийн ажиллагааны бүсэд түлш, хүнс нийлүүлэх зэрэг материал техникийн хангамж үзүүлээд зогсохгүй Афганы аюулгүй байдлын хүчнийг бэлтгэх, хангах ажлыг хийдэг байжээ.

 

Америкийн цэргүүд Афганистаныг орхин гарсанаас хойш талибууд хэдхэн долоо хоногийн дотор энэ улсын зэвсэгт хүчнийг ниргэсэн юм. Америкчууд талибуудтай дайтахад 20 жил, хоёр их наяд доллар зарцуулсан. Гэвч тэднийг гармагц Афганистан талибуудад эзлэгдсэнд афганчуудыг Байден буруутгаж байв.

 

АНУ-ын эрх баригчид хувийн дэд гүйцэтгэгчдээс хамааралтай байсан нь 9/11-ний үйл явдлын дараах дайнд ямар үүрэг гүйцэгэснийг америкчууд мэдэх нь чухал хэмээн дээрх судалгааны зохиогч Уильям Хартунг мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, Афганистанд дэд гүйцэтгэгчдэд өгөх мөнгө гарын салаагаар урсаж байсан гэх бөгөөд эдгээр дэд гүйцэтгэгчид нь аюулгүй байдлыг хангасны төлөө төрөл бүрийн хээрийн командлагчид тэр бүү хэл талибуудад ч мөнгө төлдөг байсан гэнэ. Түүнчлэн энэхүү арилжааны сүлжээний дарамтан дор АНУ-ын Батлан хамгаалах яам гагцхүү Америкийн дэд гүйцэтгэгчид л засвар үйлчилгээ үзүүлж чадах нэн орчин үеийн нисдэг тэрэгнүүдээр Афганистаны Агаарын цэргийн хүчийг хангасан байна.

 

Байден Афганистанаас цэргүүдээ эцэслэн гаргана гэж зарласан 2021 оны эхээр Афганистан болон Иракт Америкийн цэргүүдээс ч хавьгүй олон дэд гүйцэтгэгч байсан гэж судалгаанд өгүүлжээ. Шинжээчдийн үнэлсэнээр, есдүгээр сарын 11-нээс хойш америкчууд оролцсон бүхий л сөргөлдөөнд ойролцоогоор албан ёсны бие бүрэлдэхүүний 7000 цэргийн алба хаагч, 8000 гэрээт алба хаагч амиа алджээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын албаны этгээдүүд алан хядагчдад өгөх Америкийн хариу үйлдлийн салшгүй хэсэг нь хувийн дэд гүйцэтгэгчид хэмээн үзэж байв.

 

Halliburton хэмээх хувийн батлан хамгаалахын компанийн ерөнхий захирал асан, тухайн үеийн дэд ерөнхийлөгч Дик Чейнээс бүх зүйл эхэлжээ. Судалгаанд өгүүлснээр, 208 он гэхэд Halliburton компани Ирак болон Афганистанд бааз байгуулах, ашиглах, цэргийн алба хаагчдын дэд бүтцийг хангах, бусад ажлыг гүйцэтгэхэд туслах гэрээгээр 30 тэрбум гаруй доллар авчээ.

Дайны үеэр дэд гүйцэтгэгчдийг ашиглах нь зэвсэглэлийн зардлыг бууруулж, зардал "үр дүнтэй, зохистой байна" гэж Чейни болон батлан хамгаалах яамны дэд гүйцэтгэгч компаниуд батлаж байсан аж. 

 

АНУ Ирак болон Афганистанд идэвхтэй дайн өрнүүлж байх үед 2010 он гэхэд Пентагон дэд гүйцэтгэгчийн үзүүлэх үйлчилгээг төлөх зардал нь гуравны нэгээр нэмэгдсэн байна. 

 

Шилэгдмэлүүдэд л олдох гэрээ

Афганистантай холбоотой Пентагоны гэрээнүүдийн гуравны нэг орчим нь ердөө зэвсэг нийлүүлэгч таван компанид л оногдож байгаа гэнэ. Тухайлбал, судалгаанд өгүүлснээр, өнгөрсөн санхүүгийн жилд Lockheed Martin Пентагонтой байгуулсан гэрээнээс авсан мөнгө нь Төрийн департамент болон АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн нийт төсвөөс 1.5 дахин их байсан аж. 

Түүнчлэн гагцхүү Америкт үйлдвэрлэсэн нисдэг тэрэгнүүдийг ашиглахыг Афганы агаарын цэргийн хүчнээс шаарддаг байсан гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэд хурандаа асан, "Карнеги сан"-ийн шинжээч Жоди Виттори өгүүлжээ. Түүний өгүүлснээр, афганчууд Америкийн биш харин Оросын нисдэг тэрэгнүүдийг илүүд үздэг байсан гэнэ. Учир нь Орост үйлдвэрлэсэн нисдэг тэргийг жолоодоход амар, афганчууд ч засвар үйлчилгээ хийх боломжтой, мөн Афганистаны хатуу ширүүн нөхцөлд хамгийн ихээр тохиромжтой гэж Афганы хүчнийхэн үздэг байжээ. 

 

Вашингтон амаа хамхив 


Энэ оны хавар, зун Америкийн дэд гүйцэтгэгчид Афганистаныг орхин гарч эхэлснээс хойш афганчууд АНУ-ын өгсөн онгоцуудыг яахаа мэдэхгүй байдалд хүрэв. Учир нь афганчууд эдгээр онгоцонд үйлчилгээ үзүүлж чадахгүй. Афганчууд талибуудаас ганц давуу тал нь нисэх хүчин байсан бөгөөд "Талибан"-аас ганц илүүрхэх боломжийг нь үгүй болголоо гэж америкчуудад "гомдол мэдүүлсэн" ч Вашингтон ямар ч хариу өгөөгүй байна.

 

АНУ Афганистан руу хяналтгүй шахам цутгаж байсан олон тэрбум доллараас үүдэлтэй авлига нь америкчуудын дэмжлэгтэй Афганистаны засгийн газар ард иргэдийнхээ итгэлийг алдсан харин Афганы хүчнийхэн байлдааны чадвараа алдсан гол шалтгаануудын нэг гэж Хартунг судалгаандаа онцолжээ. 

 

Хиллари Клинтон төрийн нарийн бичгийн дарга байхдаа Батлан хамгаалах яам зэвсэгт бүлэглэлүүдэд авлига өгдөг, Афганистаны аюулгүй байдлыг хангахад зарцуулсан мөнгө нь "Талибан"-ыг санхүүжүүлэх томоохон эх үүсвэрүүдийн нэг болсон хэмээн буруутгаж байв.

 

АНУ Афганы зэвсэгт хүчин, аюулгүй байдлын албаныхныг бүрдүүлэх, сургах ажилдаа хувийн дэд гүйцэтгэгчдийн үйлчилгээг авдаг байв. Тэдний сургасан хүмүүс экстремист бүлэглэл, босогчид, тэр дундаа талибуудыг сөрөн зогсох чадвартай болох ёсстой байлаа. Энэ ажилд олон сая доллар зарцуулсан юм. Гэсэн ч наймдугаар сард талибуудын эсрэг хангамж, бэлтгэл муутай өөр хүчнийхэн сөрөн зогсож байжээ. Харин Афганы элит тусгайгийн 1000 орчим цэргийг Америкийн цэргийн онгоцуудаар АНУ руу нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол ч гэсэн зэвсэг хийгээд ядуу орнуудад зарж болийшд
2021-09-16