Ирэх оны улсын төсвийн ТӨСӨӨЛӨЛ
2021-09-16

 

Засгийн газар ирэх оны улсын төсвийг хэлэлцээд эхэллээ.  Сангийн яамнаас  хуулийн хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг танилцуулаад Засгийн газраар хэлэлцэхээр болжээ.    

 

Сангийн сайд ирэх оны орлого, зарлагыг тэдэн их наядаар тооцооллоо, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтаар төдий хэмжээний бүтээн байгуулалт өрүүлнэ гэх зэргээр цар тахлын  өмнөх жилүүдэд дурдагддаг тоо баримт сөхсөнгүй. Засгийн газраас боловсруулаад УИХ-д өргөн барихаар  тоо, тооцоололтойгоо хэлэлцэгдэх нь тодорхой. Гэхдээ ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа баримталж байгаа Засгийн газрын бодлого ерөнхийдөө тодорхой байсан. Засгийн газар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа. Энэ нь улс төрийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төсвийн шинэчлэл хийх зорилготой. Төсвийн шинэчлэлийн хүрээнд:

  • Төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх,.

  • Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд

  • Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх

  • Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.

  • Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан нийт дүнгийн санхүүжилт бүхий зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагад олгох замаар

  • Төрийн албаны бүтцийг шинэчилж, ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах зорилготой аж.

Тиймээс ч ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа дээрх бодлогыг баримталсан байна. Хэдийгээр цар тахлын үеийн нөхцөл байдлыг урьдчилж тооцоолох тодорхойгүй ч ирэх онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөллөөр улсын төсвийг боловсруулсан байна. Эдийн засгийн үеийн тэлэлтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, дэд бүтцийн салбараар дамжуулж бизнесийг дэмжих бодлого барьжээ.

 

Нийслэлд тулгамдсан гол асуудал өнөөдөр түгжрэл. Тиймээс ч Улаанбаатар хотын түгжрэлийг буурахад зохих санхүүжилтийг тусгах юм байна. Өнөөдөр төрийн албанд 198 мянган албан хаагчтай. Цаашдаа хувийн хэвшлээ дэмжих замаар төрийн бүтцийг цомхон болгох зарчмыг ирэх оноос эхлүүлэх гэнэ.

Манай улс төсвийн орлогыг экспорт, тэр дундаа уул уурхайгаас бүрдүүлдэг. Ирэх онд экспортын бодлогоо үргэлжлүүлж, 36,5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөжээ. Төсвийн алдагдлыг шат дараатай бууруулахаар тооцсон байна.

 

Айл өрх болон зарим ААН-ийн хог, цахилгаан, дулааны мөнгийг төрөөс төлж байгаа хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Харин ирэх онд энэ нь дуусгавар болгох юм.

 

Түүнчлэн хүүхэд бүрт сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг ирэх оны төсөвт тусгахдаа зарим зохицуулалтыг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар зарим айл өрхийн төсөвт хүүхдийн мөнгө  ихээхэн нэмэр болж, өрхийн хэрэглээнд зарцуулагдаж байгаа. Харин ирэх оноос хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлалд шилжүүлэх гэнэ.  Ингэснээр хүүхэд 18 насанд хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог хийсэн байна. 

Нөгөөтэйгүүр Засгийн газар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор гурван хувийн хүүтэй зээлийг олгосон. Гурван хувийн хүүтэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч ирэх онд сэргэж, ажлын байрыг хадгалахаас гадна нэмэгдүүлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа юм билээ. Тиймээс ирэх оны төсөв гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлах бус экспортоо төлөвлөсөн хэмжээндээ гаргаж, дотоодын үйлдвэрлэл дээр түшиглэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, иргэдээ ажлын байраар хангахад чиглэх төлөвтэй. 

 

Ямартай ч ирэх оны улсын төсвийн төсөөллийг ийнхүү боловсруулжээ.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин