Афганистанд визний хар зах зээл бий болов
2021-09-17

Өмнөх Засгийн газар үгүй болж, Гадаадын элчин сайдын яамнуудын ихэнх нь хаагдсаны улмаас Афганистанд визний хар зах зээл бий болсон талаар ТОЛО Ньюс мэдээлжээ. 

 

Телевизийн мэдээлснээр, Афганистанд хууль ёсоор авах боломжтой цорын ганц виза нь Пакистаных гэнэ. Харин бусад орнууд руу зорчих холбогдох баримт бичгүүдийг хар зах дээр өндөр үнээр зарах бөгөөд эрэлт ч их байгаа аж. Кабул дахь Жуулчны агентлагийн захирал Шафи Самимын өгүүлснээр, хүмүүс эх орноо орхих боломж олгох баримт бичгийн төлөө гурав дахин өндөр үнэ төлөхөд бэлэн байгаа гэнэ.

 

Өмнөх Засгийн газрын үед Пакистаны виз 15 доллар, Энэтхэгийнх 20 доллар, Тажикистан, Узбекистанынх 60 доллар, Харин Туркийнх 120 доллар байжээ. Харин одоо иргэд эх орноосоо л явахын тулд 5000 хүртэлх доллар төлж байгаа гэнэ.

 

Кабулын оршин суугч Мохмед Харун Пакистаны визтэй ч Торкхам хаалгаар дамжин хил нэвтэрч чадахгүй байгаа аж. Түүний өгүүлснээр, Пакистаны хилээр гарахын тулд нэмэлт үнэмлэх хэрэгтэй бөгөөд үүнийг Пакистаны Элчин сайдын яамны ойролцоо 200-300 доллараар зардаг юм байна.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын сүүлээр Пакистаны Дотоод хэргийн сайд Шейх Рашид Ахмад мэдэгдэл хийхдээ Афганистанаас нэг ч дүрвэгч хүлээн аваагүй гэж байлаа. Түүнчлэн Турк улс Афганистаны иргэдэд виз, орогнол олгохоос татгалзсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин