Төрийн албан хаагчдаас вакцины гэрчилгээ шаардана
2021-09-18

Словенийн төрийн захиргааны бүтцэд ажилладаг бүхий л ажилтнууд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах ёстой. Үгүй бол тэд шинжилгээний сөрөг хариу үзүүлэхгүй л бол ажилдаа орох боломжгүй болжээ. Ийм шийдвэрийг Словенийн Засгийн газар гаргасан талаар Регнум агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Словенийн төрийн албан хаагчид коронавирусийн халдвараар өвдөөд эдгээгүй л бол 10 дугаар сарын нэгний дотор вакцины эхний тун, 11 дүгээр сарын нэгэн гэхэд хоёр дахь тунг тариулсан тухай лавлагаа үзүүлэх ёстой гэнэ. Энэ шийдвэр нь бусад иргэдийг ч вакцинд хамрагдах идэвхжүүлнэ гэж Словенийн засгийн газар үзжээ.

 

Энд дуулгахад, Словенид өнгөрсөн лхагва гарагаас эхлэн халдварын эсрэг хатуу дэглэм үйлчилж байгаа юм. Ажилдаа очих, нийтийн тээвэр ашиглах эсвэл худалдааны төв, банз, шуудан ороход вакцины гэрчилгээ эсвэл коронавирусийн шинжилгээний сөрөг хариу шаарддаг болжээ. Харин үүнийг оршин суугчид эсэргүүцэн, удаа дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байгаа юм.

 

Словени улсад цар тахал дэгдсэнээс хойш 281 мянган хүн халдвар авч, 4486 хүн нас барсан байна. Хоёр сая гаруй хүн амтай энэ улсад өдөрт 1300 давсан халдвар бүртгэгдэж байгаа тул ийнхүү хатуу журам үйлчлэх болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин