Анхны жуулчдын сансрын хөлөг дэлхийд газардлаа
2021-09-20

Илон Маскийн SpaceX компанийн "Crew Dragon" сансрын хөлгийн капсул есдүгээр сарын 19-ний өдөр Флоридагийн эрэг орчимд Атлантын далайд буулаа. Энэ капсулаар Inspiration4  экспедицийн гишүүд сансарт гурван өдөр аялаад дэлхийд буцан ирж байгаа юм. 

 

Энэ нь түүхэн дэх мэргэжлийн сансрын нисэгч нэг  ч багтаагүй анхны сансрын нислэг байлаа. Хөлгийн багийн бүх гишүүд нь жуулчид бөгөөд Жаред Айзекман, Хейли Арсено, Сиан Проктор, Крис Семброски  нар сансрын анхны жуулчид болсон юм.

 

 

 

Дулааны хамгаалалт нь капсул агаар мандлын дээд давхаргуудад орж ирэх үед халалтыг тэсвэрлэх боломжийг олгосон бөгөөд дараа нь дөрвөн том шүхэр дэлгэгдэн, каспул далайн гадаргуу дээр буужээ.

 

Үүний дараа каспул буусан хэсэт SpaceX хөлөг онгоц очиж, сансрын нисэгчдийг капсулаас гарахад нь тусалжээ. Дараа нь нисдэг тэргээр Канаверал сансрын буудал руу хүргэсэн бөгөөд тэд лхагва гарагт энэ буудлаас хөөрсөн юм.

 


Сансрын жуулчаас бүрдсэн энэ түүхэн нислэгийн үнийг хөлгийн багийн бүрэлдэхүүнд багтсан тэрбумтан Айзекман төлсөн аж. Тэрбээр Shift4 Payments компанийн эзэн, сансрын хорхойтон тэрбээр энэ нислэгийн 200 сая долларыг төлсөн гэж Тайм сэтгүүл мэдээлжээ. Нислэгийн өртөгийн талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа юм. 

 

Айзекман экспедицийн албан бус дарга болсонны дээр хамтдаа нисэх сансрын нисэгчдийг сонгосон байна. Энэ нислэг хүртэл тэрбээр бусад гишүүдтэйгээ танил байгаагүй гэнэ. Багийн бүрэлдэхүүнд Мемфис дэх хүүхдийн эмнэлгийн эмч 29 настай Хейли Арсено, Геологийн профессор 51 настай Сайен Проктор, Lockheed Martin агаар сансрын корпорацийн ажилтан, 41 настай Кристофер Семброски, мөн 38 настай тэрбумтан Жаред Айзекман нар багтсан юм. 

 

Анхны жуулчны сансрын хөлөг тойрог замд гурван өдөр байсан байна. Энэ хугацаанд хөлгийн багийн гишүүд эрдэм шинжилгээний ажил хийж, Дэлхийтэй хэдэнтээ шууд холбогдон, 575 километрийн өндрөөс дэлхийг харж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин