COVID-19 болон томууны вакциныг нэг зэрэг хийхийг зөвшөөрөв
2021-09-20

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв шинэ зөвлөмж гаргажээ. Энэ зөвлөмжид томууны эсрэг вакцин болон коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг нэгэн зэрэг хийж болохыг зөвшөөрсөн байна.  Өмнө нь коронавирусээс сэргийлэх вакцин хийлгэхээс өмнө эсвэл хийлгэснээс хойш 14 хоногийн дараа өөр вакцин хийхийг зөвлөж байсан юм.

 

"Коронавирус тархсаар байгаа энэ үед томуугаас сэргийлэх дархлаажуулалт нэн чухал гэж бид үзэж байна. Нэгдүгээрт, COVID-19-ийн тохиолдлууд нэмэгдсээр байгаа энэ үед манай эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал улам нэмэгдэж байна. Хоёрдугаарт, 2020 оны гуравдугаар сараас хойш томууны идэвхжил нэн бага байгаа ч бусад төрлийн амьсгалын замын вирусүүд дахин гарч байгаа нь ажиглагдаж байгаа юм" хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн доктор Лиза Гроскопф өгүүлжээ.

 

Улирлын томуугаас сэргийлэх үндсэн зөвлөмжүүд хэвээр байгаа аж.

"Зургаан сараас дээш настай хүүхэд бүр томуугийн улирал ирэх бүрт вакцин хийлгэх ёстой. 65-аас дээш насныхан, түүнчлэн багтраа, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг архаг хууч өвчинтэй хүмүүст томуу ихээхэн хүндэрдэг тул тэдэнд дархлаажуулалт нэн чухал. Түүнчлэн вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн бүлэгт жирэмсэн эмэгтэйчүүд ч багтаж байна" хэмээн зөвлөмжид өгүүлжээ. 

 

Коронавирус болон томуунаас сэргийлэх вакцинуудыг хослуулан хэрэглэх нь өнөөдөр хамгийн маргаантай асуудал байгаа юм. Монголд болон Орост энэ хоёр вакцины хоорондын зай нэг сар гэж зөвлөж байгаа. 

Харин АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэхийн төвийн доктор Гроскопфын өгүүлснээр "коронавирус болон томуунаас сэргийлэх вакциныг нэгэн зэрэг хийлгэсний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хангалтгүй байгаа ч өмнөх жилүүдийн туршлагаас харахад ийнхүү зэрэг хийснээр онц өөрчлөлт гарахгүй гэж үзэж" байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин