Тамхинаас гаргах эм хавдар үүсгэх эрсдэлтэй тул зах зээлээс татаж байна
2021-09-20

Америкийн Пфайзер компани тамхинаас гаргах эм нь хавдар үүсгэх эрсдэлтэй тул зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Chantix хэмээх тамхинаас гаргах эмэнд нитрозамин гэгдэх хавдар үүсгэдэг канцерогенүүд ихээр агуулагдаж байгаа тул энэ брэндийн бүх бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж байгаа аж. АНУ-ын Эрүүл мэндийн яамны шинжээчид энэхүү бэлдмэлийг удаан хэрэглэснээр "хавдар үүсэх эрсдэл өндөр" хэмээн дүгнэжээ. 

 

Пфайзер компани энэ эмийг зургадугаар сараас эхлэн түгээхээ больж, зах зээлд нийлүүлэгдсэн эмнүүдийг татаж эхэлсэн байна. Тухайн үед компани энэ үйлдлээ цаашид дахин туршилт хийх шаардлага үүссэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв.

 

Chantix эмийг 2006 оны тавдугаар сард АНУ-д зөвшөөрсөн бөгөөд 18-аас дээш насны тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст жороор олгохоор болсон юм. Энэ эмийг 12-24 долоо хоног ууж хэрэглэдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин