Хятадын ТикТок хувилбарыг хүүхдүүд ашиглах цагийг хязгаарлажээ
2021-09-20

Хятадын TikTok насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулан цагийн хязгаарлалт тогтоожээ. Энэ талаар Жэнминь Жибао сонин мэдээлсэн байна. 

 

Богино дүрс бичлэг нийтэлдэг, ТикТокийн хятад хувилбар болох Douyin олон нийтийн сүлжээний мэдээлснээр, 14 хүртэлх насны хэрэглэгчид 06:00-22.00 цагийн хооронд өдөрт 40-өөс доош минутын хугацаанд л энэ сүлжээг ашиглаж болох гэнэ.

 

Мөн энэ аппликейшнийг гаргасан ByteDance компанийнхан эцэг эхчүүдэд хандан хүүхдүүд нь бүртгүүлэх үед тэд үнэн зөв мэдээлэл оруулж байгаа эсэхийг шалгахыг уриалжээ. Ингэснээр 14-өөс доош насны хэрэглэгчдэд цагийн хязгаарлалтыг автоматаар нээх боломжийг олгох гэнэ. 

 

Өмнө нь БНХАУ-ын Хэвлэл, мэдээллийн хэрэг эрхлэх газар насанд хүрээгүй хүүхдүүд видео тоглоом тоглоход хязгаарлалт тавьсан юм. Энэ журам гарснаар хүүхдүүд долоо хоногийн баасан, бямба, ням гарагт 20.00-21.00 цагийн хооронд л цахим тоглоом тоглох боломжтой болсон байна. Түүнчлэн хүүхдүүд албан ёсны амралтын болон баярын өдрүүдээр тоглох болох гэнэ. Ийнхүү хатуу хязгаарлалт тогтоосноор хүүхдүүд эрүүл өсөхөд тус болно хэмээн Хятадын эрх баригчид үзжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин