Хойд Солонгос ураны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна
2021-09-20

Цөмийн бөмбөг бүтээхэд ашиглагддаг уран баяжуулалтын үйлдвэрээ өргөжүүлэх ажлыг Хойд Солонгос хийж байгаа гэнэ. Энэ талаар хиймэл дагуулын зурагнууд болон мэргэжилтнүүдийн илтгэлээс авсан эх сурвалжтайгаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгос Йонбен дахь объект дээр зэвсгийн уран үйлдвэрлэлтээ 25 хувиар нэмэгдүүлэхээр зэхэж байна гэж шинжээчид таамаглаж байгаа гэнэ. Есдүгээр сарын нэгний өдөр авсан хиймэл дагуулын зураг дээр, үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр мод тайрсан, барилгын талбай бэлтгэсэн байгаа нь дүрслэгджээ. Харин есдүгээр сарын 14-ний өдөр авсан зураг дээр суурь цутгах ажил харагдаж байгаа гэнэ. Шинээр барих байгууламжийн талбай нь мянга орчим квадрат метр бөгөөд энд уран баяжуулах центрифуг байршуулах боломжтой гэж шинжээчид тооцоолжээ.

 

Сүүлийн долоо хоногт Солонгосын хойгийн нөхцөл байдал ширүүсэж эхэлсэн юм. Есдүгээр сарын 13-ны өдөр Хойд Солонгос алсын тусгалт далавчит пуужин туршсан бол есдүгээр сарын 15-ны өдөр пуужингаар сургалтын буудлага хийсэн. Төмөр замын хөдөлгөөнт пуужингийн хорооныхон галт тэрэгнээс бага тусгалт хоёр баллистик пуужин хөөргөсөн бол мөн өдөр Өмнөд Солонгос шумбагч завинаас баллистик пуужин амжилттай хөөргөж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин