АНУ-д албан журмаар дархлаажуулахыг эсэргүүцсэн жагсаал болжээ
2021-09-20

Америкийн Нью-Йорк хотын гол талбай болох Таймс-сквер дээр коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг албан журмаар тарих эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн жагсаал болжээ. 

 

Эсэргүүцэгчид АНУ-ын далбаа барин жагсаалд оролцож, албан журмаар вакцинд хамруулах арга хэмжээг цуцлахыг уриалсан байна. Тэдний барьсан зурагт хуудсууд дээр "Албан журмаар вакцин тариулахгүй. Биеэ яах нь миний сонголт", "Албадлага, ковидын паспортыг эсэргүүцэж байна", "Эрдэмтдийн үгийг сонс, дархлаа байгалийн жамаар тогтоно" зэрэг үгс бичжээ.

 

Түүнчлэн олон хүн Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг импичмент зарлахыг уриалжээ. 

 

"Би зөвхөн вакцин эсэргүүцээд зогсохгүй эрх баригчдын зүгээс ирж буй албадлагыг эсэргүүцэж байна. Энэ нь Америкийн үнэт зүйл, үндсэн хуультай зөрчилдөж байгаагийн дээр хүмүүсийн шашны итгэл үнэмшлийг үл хайхарч байна" хэмээн нэгэн оролцогч ярьсныг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч коронавирустэй тэмцэх шинэ арга хэмжээний талаарх зарлигт гарын үсэг зурсан. Шинэ журмын дагуу төрлийн аобан хаагчид болон тэдний дэд гүйцэтгэгчид, эмнэлгийн ажилтнууд, томоохон компанийн ажилтнууд вакцинд зайлшгүй хамрагдах ёстой болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин