Вакцин эсэргүүцэгчидтэй тэмцэх Барууныхны арга хэмжээ
2021-09-21

Анхлан Хятадын Ухань хотод дэгдэж байсан коронавирусийн халдвар дэлхий дахиныг бүрхэж, цар тахлын хэмжээнд хүрээд хэдийнэ хоёр жил орчмын нүүр үзэж байна. Энэ аюулыг туулахын тулд хүн төрөлхтөн анх вакцинд найдаж байв. Гэсэн ч өдгөө олон төрлийн вакцин хүртээмжтэй болсон ч вакцин эсэргүүцэгчдийн тоо газар авсаар байна. Харин улс орнууд ийм эсэргүүцэгчдийг зүгээр хараад суусангүй. Барууны орнууд вакцин эсэргүүцэгчидтэй хэрхэн тэмцэж байгаа вэ? 

 

Франц: Вакцинд хамрагдаагүй эмч нар ажилгүй болов 
 

Францын эмнэлгийн 3000 орчим ажилтан коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаагүйн улмаас ажилгүй болжээ. 

Шинэ журмаар бүх эмнэлгийн ажилтан дархлаажуулалтад хамрагдах ёстой. Энэ талаар эрт сануулсан ч журам дагаагүй бол хариуцлага тооцно гэдэгт төдийлөн итгээгүй байсаар ийм байдалд хүрчээ. Долдугаар сард л тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эмнэлгийн ажилтнуудад вакцинд хамрагдахыг сануулж, есдүгээр сарын 15 хүртэл хугацаа бий гэдгийг анхааруулж байлаа. 

 

Тус улсын Эрүүл мэндийн сайдын өгүүлснээр, эмнэлгийн ажилтнуудыг чөлөөлсөн нь түр зуурын арга хэмжээ бөгөөд туслах ажил гүйцэтгэдэг мэргэжилтнүүдийг л ихэвчлэн ажлаас нь чөлөөлжээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажил доголдохгүй гэж тэрбээр онцолсон юм. Гэсэн ч эмнэлгүүдэд нөхцөл байдал өөр байгаа бөгөөд тухайлбал Ницца хотын нэгэн эмнэлэг 450 ажилтныг ажлаас нь чөлөөлсөний улмаас эмнэлгийн гадаа эсэргүүцлийн жагсаал болсон байна. Харин Монтелимар хотын эмнэлэгт вакцин тариулаагүй мэдээгүйжүүлэлтийн эмч нарыг ажлаас нь чөлөөлсөний улмаас яаралтай бус хагалагаануудыг цуцлахаас аргагүй болжээ. 

 

Англид эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдүүдийг дархлаажуулна 

Ердөө энэ сарын эхээр гэхэд л Британид 12-15 насны хүүхдүүдэд өвчин хөнгөхөн тусдаг учир дархлаажуулах шаардлагагүй гэж Вакцинжуулалт, дархлаажуулалтын нэгдсэн хороо зөвлөж байв. Харин одоо байдал өөрчлөгджээ. 
Англид 12-оос дээш насны бүх хүүхдийг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулахаар шийдсэн байна. Ийнхүү дархлаажуулахад хүүхэд л зөвшөөрч байвал эцэг эхийн зөвшөөрлийг авахгүй гэнэ.

Саяхныг хүртэл гагцхүү суурь өвчинтэй хүүхдүүд эсвэл эрсдэлтэй бүлгийн насанд хүрэгчидтэй хамт амьдардаг хүүхдүүдийг л коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулж байв. Харин халдварын дэгдэлт сургалтын үйл ажиллагаанд саад болохоор бол засгийн газар шийдвэр гаргаж болохоор байлаа. Ингээд Засаг шийдэж, 12-15 насны бүх хүүхдүүдэд сургууль дээр нь Пфайзер вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлэхээр болжээ. 

 

Фейсбүүк Германы вакцин эсэргүүцэгчдийн хуудсуудыг блоклов 

Фейсбүүк сүлжээ Германы вакцин эсэргүүцэгчдийг нэгтгэсэн "Стандарт бус сэтгэлэгэ" хөдөлгөөнтэй холбоотой 150 бүртгэл, хуудсыг устгажээ. 

Spiegel сонины мэдээлснээр, "үзэн ядсан, хүчирхийлэлд уруу татсан байдлаар эрүүл мэндтэй холбоотой худал мэдээлэл тараасан" гэж үзсэн тул Фейсбүүк дээрх хөдөлгөөний бүртгэл хуудсуудыг устгажээ. Түүнчлэн Инстаграм дахь "Стандарт бус сэтгэлгээ" хөдөлгөөний аливаа линкүүд ч ажиллагаагүй болжээ. 

Энэ хөдөлгөөний удирдагч нь Штутгартын бизнесмен Михаэль Бальвег бөгөөд тэрбээр Германий хотуудад эсэргүүцэгчдийг цуглуулан, жагсаал хийж, Фейсбүүкийг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байв. DW агентлагийн мэдээлснээр, Германы засгийн газар "иргэдийн үндсэн эрхийг боомилж байна", "үг хэлэх эрх чөлөөг хааж байна" гэх зэрэг сэдвээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байсан, 30 мянга гаруй дагагчтай хуудсыг хаажээ. 

 

Итали ажилтай иргэддээ "ногоон үнэмлэх" нэвтрүүллээ 

Италийн Засгийн газрын гаргасан шинэ тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс энэ оны сүүл хүртэл хувийн компаниуд болон төрийн байгууллагуудын ажилтнууд дархлаажуулалтад хамрагдсан, COVID-19-өөр өвдөөд эдгэрсэн эсвэл PCR тест хийлгэсэн тухай мэдээлэл агуулсан эрүүл ахуйн паспортгүйгээр ажилдаа очих боломжгүй болох аж. Саяхныг хүртэл ийм "ногоон үнэмлэх" гагцхүү театр, кино, зоогийн газар, спорт клуб, усан сан, цэнгэлдэх хүрээлэн, соёлын болон бусад олон нийтийн арга хэмжээ, хот хооронд зорчиход л шаардагдаж байв. 

Одоогоор “ногоон үнэмлэх” ажилгүй хүмүүс, тэтгэврийн насныхан, гэрийн эзэгтэй нарт шаардлагагүй гэнэ. Түүнчлэн алсын зайнаас ажилладаг хүмүүсээс ч ийм үнэмлэх шаардахгүй аж.

Харин бусад нь хүссэн ч эс хүссэн ч 10 дугаар сарын 15 гэхэд энэ төрлийн паспорттой болох шаардлагатай болжээ. Энэ журмыг дагаагүй бол эхний өдрөөс эхлэн цалинг хасаж, харин тав дахь өдөр нь хөдөлмөрийн гэрээг царцаахаар болсон байна.

Гэхдээ ажилтныг халахгүй, аливаа шалтгаанаар ковид-паспорт аваагүй ажилтнуудад 600-1500 еврогийн торгууль ноогдуулахыг анхааруулжээ. Харин энэ паспортыг шалгаагүй ажил олгогчдыг 400 мянга хүртэлх еврогоор торгох аж. 

Shuud.mn
Сонин хачин
Вакцингүй 2 удаа тусаад эдгэчлээ , нохой долоо
2021-09-22
Монголд ч гэсэн хатуу гараар үзэх хэрэгтэй. Вакцин эсэргүүцэгчдийг нийтэд зарлаж өөрөө вакцин хийлгэсэн байвал хатуу шийтгэх хэрэгтэй. Өөрөө хийлгээгүй байвал үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзэж арай хөнгөн шийтгэх нь зүй. 50к-аа авчхаад 2-р тунгаа хийлгээгүй хүмүүсийг залилан хийсэн гэж үзэж бүх төрлийн халамжаас хас.
2021-09-21