Бразилын Ерөнхийлөгчийг Нью-Йоркийн зоогийн газар руу оруулсангүй
2021-09-21

Нью-Йоркод НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор ирсэн Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаруг тус хотын зоогийн газар руу оруулаагүй гэнэ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Нью-Йорк хотод  мөрдөгдөж буй эрүүл ахуйн журмаар дотор орчинд орох, тэр дундаа нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэх бол COVID-19 -ийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсаныг батлах тодорхойлолт үзүүлэх ёстой аж.

 

Харин Бразилын төрийн тэргүүн вакцинд хамрагдаагүй байсан тул түүнийг зоогийн газар руу оруулаагүй бөгөөд тэрбээр гадаа сууж хооллохоос аргагүй болсон гэнэ. Улмаар  Бразилын Эрүүл мэндийн сайд Марсело Кейрога, Аялал жуулчлалын сайд Жилсон Мачачуд Нето болон бусад улс төрчид ерөнхийлөгчтэйгээ хамт гадаа талбайд хооллосон байна. Болсонару өөрийнх нь дархлааны систем коронавирусийг сөрөх хэмжээний хүчтэй тул вакцин тариулаагүй хэмээн тайлбарлажээ. 

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимд төлөөлөгчид нэвтрэхэд вакцинд хамрагдсаны баталгаа шаардахгүй байгаа гэнэ. Гэсэн ч Нью-Йоркийн хотын дарга Билл де Базилио улс орнуудын төрийн тэргүүнүүдэд хандан энэ хотод ирэхээс өмнө вакцинд хамрагдахыг хүссэн байна.

 

Энд дуулгахад, вакцингүйн улмаас Нью-Йоркийн зоогийн газрын танхимаар үйлчлүүлж чадаагүй Жаир Болсонару коронавирусийн цар тахалтай холбоотой бодлогийнхоо улмаас ихээхэн муу нэр зүүсэн. Тэрбээр коронавирусийн аюулыг үл хайхарч, энэ халдвар нь энгийн ханиаднаас огт ялгаагүй хэмээн удаа дараа мэдэгдэж байв. Түүнчлэн мужуудын захирагчдыг хөл хорионы арга хэмжээг сулруулахыг уриалж байлаа. 

 

Жаир Болсонару 2020 онд коронавирусийн халдвар аван, эмнэлэгт хэвтээд гарсныхаа дараа сэтгүүлчдийн өмнө амны хаалтгүй зогсон, улмаар торгуульж ихээхэн шуугиан тарьж байв. Мөн энэ оны зургадугаар сард тэрбээр Сан-Паулуд гудамжаар мотоциклоор явах үедээ амны хаалтгүй зорчсоныхоо төлөө торгуульсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин