Вакцин боловсруулагчид анагаах ухааны салбарын хүндэт шагнал хүртжээ
2021-09-22

Германы BioNTech компани Америкийн Pfizer компанитай хамтран коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин боловсруулан гаргаж, өдгөө дэлхийн олон оронд энэ вакциныг хүн ам, ялангуяа хүүхдүүдээ вирусээс хамгаалахад ашиглаж байгаа юм.

 

Энэ вакциныг боловсруулан гаргахад хамтран оролцсон Германы BionTech компанийн гурван төлөөлөгч ирэх онд Пауль Эрлих болон Людвиг Дармштедтерийн нэрэмжит шагнал хүртэхээр болжээ. Энэ нь анагаах ухаан, биологийн салбар дахь шинжлэх ухааны ололтод гардуулдаг Германы дээд шагнал юм.

 

Вакцин боловсруулагчид 120 мянган еврогийн шагнал гардах бөгөөд энэ мөнгөн шагналыг BioNTech компанийн үүсгэн байгуулагчид, гэр бүлийн хос болох эмч Угур Шахин болон Озлем Тюричи, мөн 2013 онд тус компанид нэгдсэн биохимич Каталин Карико нар дундаа хувааж авах гэнэ. 

 

Шагналын зөвлөлийн мэдэгдэлд өгүүлснээр, "урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор мРНК боловсруулахад ололт гаргасны төлөө" энэхүү хүндтэй шагналыг олгож байгаа аж. Түүнчлэн коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд төдийгүй хавдарын өвчлөлийг судлахад ч энэхүү технологи нь үнэ цэнтэй гэж онцолсон байна. 

 

Шагнал гардуулах ёслол 2022 оны гуравдугаар сарын 14-нд буюу Нобелийн шагналт Пауль Эрлихийн төрсөн өдрөөр Франкфуртын Гэгээн Павлын сүмд гардуулах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин