Пермь: Халдлага үйлдсэн оюутан сэхээнд, цагдаагийн хамгаалалтан дор байна
2021-09-22

ОХУ-ын Пермийн их сургуульд есдүгээр сарын 20-ны өдөр эмгэнэлт хэрэг гарсан. Энэ өдөр тус сургуулийн оюутан 18 настай Тимур гэгч сургуульд зэвсэгтэйгээр нэвтэрч, гал нээж, олон хүний амийг хөнөөж, шархадуулсан юм. 

 

ОХУ: Пермийн их сургуулийн оюутан гал нээж, олон хүний аминд хүрлээ

Пермь: 18 настай оюутны гарт амиа алдсан хүмүүс 18-66 насныхан байжээ

Энэ эмгэнэлт хэргийн улмаас зургаан хүн амиа алдаж, 24 хүн хүнд хөнгөн шархадсан гэсэн мэдээлэл есдүгээр сарын 21-ний өдөр гарч байлаа. Харин есдүгээр сарын 22-ны өдөр Пермийн хязгаарын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээлэлд Пермийн Үндэсний судалгааны улсын их сургуулийн байранд гарсан гэмт хэргийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 43-д хүрч нэмэгдсэн гэжээ. 

 

Есдүгээр сарын 20-ны өдөр Пермийн их сургуулийн байранд зэвсэгтэй ирж, гал нээн олон хүний амь насыг хөнөөж, шархадуулсан хүн нь тус сургуулийн оюутан, 18 настай Тимур Бекмансуров гэгч байсан юм. Энэ хэргийг мэдсэн даруйдаа сургууль дээр ирсэн замын цагдаа Тимур Бекмансуровыг зэвсгээ хаяхыг шаардсан ч өөдөөс нь буудсан тул хариу гал нээн, аюулгүй болгож, зэвсгийг нь холдуулсаны дараа сэжигтэнд анхны тусламж үзүүлсэн аж. 

 

Одоо сэжигтэний биеийн байдал нэн хүнд, хагалгаанд орж, эмч нарын зөвлөгөөнөөр түүний амь насыг аврахын тулд хөлийг нь тайрчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, замын цагдаа түүнийг аюулгүй болгохын тулд буудсаны дараа Тимур Бекмансуров цус ихээр алдаж байсныг эмч нар тогтоож чадсан гэнэ. 

 

Пермийн их сургуульд халдлага үйлдсэн 18 настай оюутанд дөрвөн цагийн турш мэс ажилбар хийсэн байна. Ойрын үед түүнийг байцаах боломжгүй бөгөөд учир нь эмч нар эмнэлгийн заалтаар унтуулгад оруулжээ.

 

"Бекмансуровын элэг болон ходоод хүчтэй гэмтсэн. Биеийн байдал тогтворгүй байгаа тул эмч нар унтуулсан. Ойрын үед хэрэгтнийг байцаах боломжгүй" гэж Фокус мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Тимур Бекмансуровыг эмнэлэгт 20 цагдаа харгалзаж байгаа гэнэ. 

 

Аюулгүй байдлыг хангах үүднээс таван цагдаа эмнэлэг дотор, 13 цагдаа эмнэлгийн гадаа хамгаалалтад гарчээ. Түүнчлэн цагдаагийн тусгай отрядын хоёр дайчин хамгаалалтад зогсож байгаа аж. 

 

"Цагдаа нар бүгд зэвсэгтэй. Өөр зургаан ажилтныг нөөцөд хуваарилсан. Халдлага үйлдсэн этгээд сэхээн амьдруулах тасагт хэвтсэн хэвээр. Түүнтэй хамт эмч нар байгаагаас гадна хэн нэгэн өшөө авахыг завдаж болзошгүй гэдэг үүднээс цагдаа нар хамгаалж байгаа" хэмээн Фокус агентлаг мэдээлжээ.

 

Тимур Бекмансуровын гэрт нэгжлэг хийн компьютер, 12 калибрын 21 сум, зэвсгийн хайрцаг, флэш, сим картууд хураажээ. Тэрбээр Пермийн их сургууль дээр ирэхдээ "Huglu Atrox Pump" буу, дайз, 100 сум, цүнхтэй ирсэн бөгөөд цүнхэнд нь түүний паспорт болон галт зэвсэг эзэмших зөвшөөрөл байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин