Автомашины тоог бууруулахын тулд зогсоолын төлбөрийг зургаа дахин нэмнэ
2021-09-23

Германы өмнөд хэсэгт байх Тюбинген хотын дарга Борис Палмер хотын хөдөлгөөнд оролцох машины тоог бууруулахын тулд зогсоолын төлбөрийг зургаа дахин нэмэхээр төлөвлөжээ. Харин энэ нь иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. 

 

Ногоонтнуудын намын гишүүн болох Палмер туулах чадвар сайтай машины зогсоолын нэг жилийн төлбөрийг 30 еврогоос 180 евро болгох саналаа хууль тогтоогчдоор урьдчилсан байдлаар дэмжүүлсэн байна. Анхандаа Палмер жилийн төлбөрийг 360 евро болгохыг шаардсан ч хотын депутатуудаас дэмжлэг авч чадаагүй байна. Хотын зарим иргэд түүнийг "автомашин болон автомашин эзэмшигчдийн эсрэг хувийн тэмцлээ явуулж байна" хэмээн буруутгажээ. 

 

DW агентлагийн мэдээлснээр, хамгийн өндөр төлбөр болох 180 еврог 1800-аас дээш килограмм жинтэй, дотоод шаталтын хөдөлгүүртэй машинууд болон 2000 килограммаас дээш жинтэй цахилгаан машинууд төлөх гэнэ. Харин нийгмийн халамж хүртдэг хүмүүс энгийн төлбөрийн талыг төлөх юм байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ажил үйлчилгээ эрхлэхэд нь тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай асаргааны ажилтнуудад ч зогсоолын төлбөрийн нэмэгдэл хамаарахгүй гэнэ.

 

"Хүндэт жолоочид оо! Та бүхэн замын төлбөр төлөөгүй. Түүнчлэн та бүхэн хангалттай татвар төлдөггүй. Таны дуртай тээврийн хэрэгслээс үүдсэн зардлыг бусад татвар төлөгчид болон ирээдүй хойч үе төлж байна. Та бүхний төлөх ёстой бодит үнийн дүнг гаргавал зогсоол жилд 30 евро биш харин 3000 байх ёстой байсан юм" хэмээн тэрбээр өнгөрсөн зун Фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.

 

Палмерын өгүүлснээр, жолооч нарыг машинаа гэртээ үлдээн, үүний оронд нийтийн тээвэр ашиглахыг ятгах нь зогсоолын төлбөр нэмэх болсны зорилго гэнэ. Тюбинген хот Германы бусад хотуудын адил 2030 он гэхэд байгаль орчинд ээлтэй хот болохоор зэхэж байгаа бөгөөд үүний тулд нийтийн тээврийн системийг өргөжүүлэх, дээшлүүлэх ихээхэн ажил хийх шаардлагатай байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин