Evergrande сүйрлээс мултарсан ч дэлхийд үл хөдлөхийн хямрал нүүрлэлээ
2021-09-24

Өнгөрсөн өдрүүдэд дэлхий дахины анхаарлыг багагүй татсан үйл явдлуудын нэг нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн томоохон компани болох Evergrande дампуурлын ирмэгт тулсан явдал байлаа. Энэ компани одоохондоо аюулаас мултарсан ч цар тахал дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал авчиржээ

Evergrande-ийн шуугиан 
 

Энэ сард Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани болох Evergrande компанийг дампуурах гэж байгаа талаарх мэдээлэл түгсэн юм. Улмаар есдүгээр сарын 13-ны өдөр 100 орчим хөрөнгө оруулагч Шэнжэнь дэх энэ компанийн офисын өмнө жагсаж, оруулсан мөнгийг нь эргүүлэн өгөхийг шаардаж байв. 

Мөн өдөр компанийн удирдлагууд дампуурлын талаарх мэдээллийг няцаасан ч санхүүгийн хүндрэлтэй тулгарснаа мэдээлсэн юм. Ингээд өр төлбөр төлөх төлөвлөгөөгөө танилцуулан, хөрөнгө оруулагчдад санал тавьж байв. Мөнгөө авах хугацаа нь болсон хөрөнгө оруулагчид хугацаа дуусмагц сарын эцсээр 10 хувь, үлдсэн хөрөнгөө гурван сар тутамд 10 хувийг авах, бусад хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгө худалдан авахад 4,8-7,2 хувийн хөнгөлөлт эдлэхэд мөнгөө ашиглаж болно гэсэн хувилбаруудыг санал болгож байлаа. Evergrande компанийн хувьцааг 70 мянга орчим хүн эзэмшдэг аж.

 

Ингээд есдүгээр сарын 23-ны өдөр энэ компанийн өрийн хямралын хувьд ээлжит сорилт тулгарах байлаа. Энэ өдөр компани таван жилийн хугацаатай бондын хүүг төлөх эсвэл дефолт зарлах байсан юм. Evergrande компани 83 сая доллар төлөх ёстой байсан бөгөөд энэ сарын 27-нд долоон жилийн хувьцааны хүүг төлөх ёстой аж. 

 

Evergrande аюулаас мултрав 

Улмаар тогтсон хугацаа болохоос өмнөх өдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Evergrande компани хувьцааны хүүг юаниар төлнө гэж мэдэгджээ. Ингэснээр нийтдээ 232 сая юань төлөх бөгөөд 2025 он гэхэд өрийг дуусгана хэмээн компани зарласан байна. 


Энэ мэдэгдэл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг “тайвшруулж”, улмаар есдүгээр сарын 23-ны өдөр Еvergrande компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 32 хувиар өсчээ. 


China Evergrande Group нь олон салбарт хөрөнгө оруулалтын холдинг  бөгөөд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь томоохон тоглогч юм. Гэвч энэ группийн өр 300 тэрбум гаруй долларыг давтлаа хуримтлагдаж, дампуурлын ирмэгт ирээд байв. 


Хэдийгээр активуудыг зарж, өрийн бүтцийг өөрчлөх зэрэг арга хэмжээ төлөвлөсөн ч одоогоор нөхцөл байдал сайржрахгүй байгаа гэнэ. Энэ компани өрөө төлөх боломж улам л багассаар байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн эрэлт буурсантай холбоотой аж. Өнгөрсөн зун гэхэд л энэ компанийн борлуулалт 88 хувиар буурчээ. 


Ингээд ирэх 10 дугаар сард Evergrande өрөө төлж чадахгүй бол дампуурах юм. Энэ компани дампуурвал Хятадын эдийн засагт хүнд цохилт өгнө, ингэснээр дэлхийн шинэ санхүүгийн хямрал үүсэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ Хятадын эрх баригчид эдийн засагт нь цохилт өгөх эрсдэлтэй тул энэ компанийг дампууруулахгүй байх арга хэмжээ авч болзошгүй аж. 


Цар тахлаас үүдэлтэй үл хөдлөхийн зах зээлийн хямрал 


Ийнхүү Хятадын том компани дэлхийн хямралыг үүсгэж болзошгүй нөхцөлд орсон бол цар тахал хэдийнэ, орон сууцны зах зээлийн хямралыг бий болгожээ. Блүмберг, ВВС зэрэг томоохон агентлагуудыг мэдээлснээр, орон сууцны үнэ дэлхийн зах зээл дээр улам өсөж байгаа тул орон сууц хүртээмжгүй болсны дээр цар тахал дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралд хөтөлсөн аж. 


“Хүн амын зарим давхарга байр авах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг бид харж байна. Лондон, Парис, Ромд ийм байдал хэдийнэ үүссэн бол харамсалтай нь одоо Берлинд ч ажиглагдах боллоо” хэмээн Берлиний хотын дарга Михаэль Мюллер өгүүлснийг Блүмберг агентлаг дамжуулсан байна. 


Сүүлийн 18 сарын хугацаанд орон сууц, байр хомстсон, үнэ өссөний улмаас боломжтой хэрэглэгчид байр авахад улам хүнд болсон гэнэ. АНУ-д гэхэд л 2000-аад олны дунд үеийн оргил хэсэгтэй харьцуулахад орон сууцны үнэ 30 хувиар нэмэгджээ. Түүнчлэн байр түрээсийн үнэ ч олон хотод өссөн байна. 


Дэлхийн зарим оронд орон сууцны зээлийн зах зээл дэх нөхцөл байдал 2008-2009 оны санхүүгийн хямралын өмнөх хэдэн сартай адил байгаа бөгөөд ингэснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр “хөөс” үүсэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. “Хөөс үүсэх” гэдэг нь ипотекийн зээл хурдацтай өсөж, энэ нь хугацаа хэтэрсэн өрийг нэмэгдүүлж, улмаар зах зээл нуран унахыг хэлнэ. 


Олон улсын зөвлөх компани болох Knight Frank-ийн мэдээлснээр, 2021 оны хоёрдугаар улирлын дүнгээр 55 оронд орон сууцны үнэ нэг жилийн хугацаанд дунджаар 9,2 хувиар өсчээ. Өмнөх жил энэ өсөлт 4,7 хувьтай байсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чи юү вэ
2021-09-24
ТЭНЭГ ЭЭ ДАМПУУРВАЛ ХЯМРАЛ НҮҮРЛЭЖ ДАГААД НҮҮРС УНАВАЛ МАНАЙХ ЯАХ ВЭ МАЛУУД ҮГЭЭ БОД
2021-09-24
Зочин:
Дампуурчихаасай.
2021-09-24
Чи юү вэ
ТЭНЭГ ЭЭ ДАМПУУРВАЛ ХЯМРАЛ НҮҮРЛЭЖ ДАГААД НҮҮРС УНАВАЛ МАНАЙХ ЯАХ ВЭ МАЛУУД ҮГЭЭ БОД