Ковидын дараах эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ
2021-09-24

Коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчнийг хөнгөн туссан ч эдгэрсэний дараа ядрах, сульдах, нойр муудах зэрэг олон шинж тэмдэг илрэх нь түгээмэл байгааг олон орны эмч нар анхааруулсаар байгаа юм. Энэ төрлийн ядаргаа, эмгэгийг хэрхэн даван туулах талаарх Оросын эрдэмтдийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна. 

 

Эмч нарын зөвлөснөөр, эрүүл, эрч хүчтэй байхад цөөн, хялбархан дүрэм баримтлахад болох гэнэ. Үүнд:

  • Цагтаа унтаж амрах
  • Ажлын өдөр дууссаны дараа болон амралтын өдрөөр сайн амрах
  • Зүй зохистой хооллох
  • стрессийг даван туулах чадварт суралцах ёстой аж.

 

Байнгын ядарч сульдах нь биеийн төдийгүй сэтгэцийн өвчин үүсэж байгаагийн дохио байж мэднэ гэж эмч нар анхааруулжээ. Эмч нарын өгүүлснээр, "астения" буюу байнга ядрах эмгэгийн үед бие сульдах, ажиллах чадвар буурах, жингээ алдах, анхаарал төвлөрөх нь буурах, ой санамж муудах, сэтгэл санаагаар унах, бат бөх унтаж чадахгүй байх гэсэн шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд энэ эмгэг ямар ч насны хүнд тохиож болох гэнэ.

 

Байнгын сульдаж ядрах тохиолдол нь сэтгэл гутрал, архаг стресс эсвэл дутуу нойртой явах, ажил, амралтын буруу горимтой байх, хорт зуршил зэргээс үүдсэн сэтгэлзүйн шалтгаануудаас үүдэлтэй байдаг аж. Түүнчлэн цус багадах, Д амин дэм дутагдахад ч ийм эмгэг үүсэх боломжтой гэнэ.

 

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст "ковидын дараах хам шинж" үүсэж байгаа бөгөөд бусад төрлийн вирусийн гаралтай өвчлөлийг даван гарсан хүмүүст ч ийм хам шинж ажиглагддаг юм байна.

 

Тиймээс амралт, ажлаа зохицуулан, зөв хооллож, тодорхой дүрмүүдийг баримталсан ч биеийн байдал төдийлөн сайжрахгүй бол эмчид хандах ёстой гэнэ. Ингээд эмчийн заавраар шинжилгээ өгөх бөгөөд голчлон цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ, бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ болон Д амин дэмийн шинжилгээ өгөх ёстой байдаг аж.

 

Шинжилгээний хариу сайн гарч, биеийн эрүүл мэндийн талаас ямар нэг асуудалгүй бол сэтгэл судлаач эмчээс зөвлөгөө авах ёстой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин