ОХУ: Сургуульд халдлага үйлдэх гэж байсныг таслан зогсоожээ
2021-09-24

ОХУ-ын Красноярскийн хязгаарт сургуульд халдлага үйлдэх гэж байсныг таслан зогсоосон гэнэ. Энэ талаар Оросын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа. 

 

"Красноярскийн хязгаарт дунд сургуульд халдлага үйлдэх гэж байсныг тасланх зогсоосон, халдлага үйлдэхээр зэхэж байсан залууг саатуулсан" хэмээн Бастрыкин мэдэгджээ. Хэргийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

 

Энд дуулгахад, Пермийн их сургуульд есдүгээр сарын 20-ны өдөр тус сургуулийн оюутан зэвсэгтэй ирж, олон хүний аминд хүрч, гэмтээсэн хэрэг гарсны дараа Орост олон газар сургуулиудын аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлсэн юм. Эдгээрийн нэг нь Казань байв. Татартсаны нийслэл Казань хотод Пермийн халдлагын дараа дунд болон их дээд сургуулиудын аюулгүй байдлыг чангатгажээ.

 

Ердөө тавхан сарын өмнө энэ хотод ч мөн Пермийн халдлагатай ижил хэрэг гарч байлаа. 2021 оны тавдугаар сарын 11-ний өдөр Татарстаны нийслэл Казаньд №175 сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас долоон сурагч, хоёр насанд хүрсэн хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан. Сургууль руу дайрсан этгээд нь 19 настай, Ильназ  гэгч байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин