Талибан хар тамхитай тэмцэхэд Оросоос тусламж хүсчээ
2021-09-24

Афганистаны төрийн эрхэнд очсон "Талибан" хөдөлгөөн хар тамхины бүхий л замыг устгахад туслахыг Оросоос хүсчээ. Энэ талаар Афганистаны түр Засгийн газрын Мэдээлэл, соёлын дэд сайд Забиулла Мужахид мэдэгджээ. 

 

Дэд сайдын өгүүлснээр, Афганистаны шинэ эрх баригчид хар тамхины хууль бус наймааг зогсоох эрмэлзэлтэй байгаа бөгөөд энэ бүс нутгийн энх тайван тогтвортой байдал Оросын ашиг сонирхолд нийцэх учир хар тамхитай тэмцэхэд Оросоос тусламж авна гэж найдаж байгаа гэнэ. Түүнчлэн, Афганистанд хар тамхины ургамал тарьж ургуулдаг нь ноцтой асуудал хэмээн дэд сайд онцлоод шинэ эрх баригчид фермерүүдэд хар тамхины тариалалтаас өөр үйл ажиллагаа эрхлэх боломж олгох нь чухал хэмээжээ.

 

Талибууд Афганистаныг эзлэн авахаасаа өмнө хар тамхины наймаа болон бусад хууль бус эх үүсвэрээс олон сая доллар олсон гэж НҮБ өмнө нь мэдэгдэж байлаа. Афганистаны Төв банкны сайт дээрх "Санхүүгийн гүйлгээ болон тайлангийн судалгааны төв" гэсэн цэсэнд Талибаныг одоо хүртэл бэлэн мөнгөөр долларын гүйлгээ хийх хориотой алан хядагч бүлэглэл хэмээн заасан хээвэр байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин