Нобелийн шагналыг ялагчдын нутагт нь гардуулна
2021-09-24

 

Стокгольмд өнгөрсөн жилийн адилаар Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг цуцалжээ. Энэ нь цар тахалтай холбоотой "тодорхойгүй байдал" үүссэнээс шалтгаалсан гэж Нобелийн сан мэдэгдсэн байна. 

 

Тодруулбал, Нобелийн шагналыг ёслолын ажиллагааны үеэр Стокгольмд биш харин шагналтнууд амьдарч буй улс орнуудад гардуулах гэнэ. Норвегийн Осло хотод гардуулдаг Нобелийн энх тайвны шагналыг гардуулахтай холбоотой шийдвэр хараахан гараагүй байгаа бөгөөд Осло хотод зохион байгуулагдаж магадгүй аж. 

 

"Хүн бүр л цар тахал дуусаасай гэж хүсэж байгаа байх, гэвч бид одоогоор тэр цэг дээр хүрч чадаагүй байна" хэмээн Нобелийн сангийн гүйцэтгэх захирал Видар Хельгесен мэдэгджээ. Тэрбээр цар тахлын улмаас нөхцөл байдал тодорхойгүй болсон хэмээн онцолсон байна. Тиймээс Стокгольмд болох хааны гэр бүлийн гишүүдтэй хийх уламжлалт цэнгүүнийг ч цуцлахаар болжээ.

 

2021 оны Нобелийн долоо хоног 10 дугаар сарын дөрөвний өдөр, анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарласнаар эхэлнэ. Дараагийн хоёр өдөр нь физик, химийн шагналтнуудыг нэрлэх бол 10 дугаар сарын долооны өдөр утга зохиолын салбарын шагналыг гардуулах шийдвэрийг танилцуулах юм. Шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн таалал төгссөн өдөр болох 12 дугаар сарын 10-ны өдөр Стокгольм хотноо зохион байгуулагддаг юм. Харин өнгөрсөн жил коронавирусийн цар тахлын улмаас ёслолын ажиллагааг цуцалж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин