Хатан хааны гэр бүл хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ
2021-09-25

"Язгууртны боловсрол" гэсэн үгийг сонсмогц л өө сэвгүйгээр биеэ авч явах, өргөн мэдлэгтэй, хошин шогийн мэдрэмж нь оюунлаг байх гээд хамгийн төгс төгөлдөр шинж чанарууд төсөөлөгддөг. Чинээлэг хүмүүс ийм боловсролыг ихээхэн үнэлж, хүүхдүүдээ багаас нь Европын шилдэг сургуулиудад сургахыг хүсдэг аж. Гэхдээ хүмүүжил бол бүр бага наснаас нь л гэр бүлийн орчноос эхэлдэг. Хатан хааны гэр бүл хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг бол? 

 

Хүүхэд нэхсэн даруйд нь хөхөө хөхүүлэх ёстой эсэх дээр хүн бүр л өөр өөрсдийн байр суурьтай байдаг. Ихэнх ээжүүд "мэдээж тэгнэ" гэж хариулна. Харин язгууртнуудын дүрэм өөр. Хүн бага наснаасаа л амьтнаас ялгардаг чанар болох сахилга баттай, дүрэм журмыг нягт баримталдаг зантай болох ёстой гэж үздэг учир "дээд зиндааны" ээжүүд хүүхэд эрхэлж урвагнасан төдийд тэднийг тайвшруулж, хөхүүлдэггүй гэнэ.

 

Дээдсийн хүрээллийн эцэг эхчүүд томчууд хүүхэддээ угж буюу бидний хэлж заншсанаар "соосог" өгч байвал энэ нь тэднийг дуугүй болгох гэсэн санаа гэж үздэг. Тиймээс хүүхэд чанга дуугаар уйлж, хашгирч эхэлвэл аль болох хүмүүсээс холдуулж, тайвшруулахыг хичээх бөгөөд ихэвчлэн энэ ажлыг асрагчид нь хийдэг гэнэ. Харин энгийн хүмүүс хүүхдээ дуугүй болгохын тулд соосог, чихэвч, гар утас өгч тайвшруулдаг.

 

Кембрижийн гүнгийн гэр бүлд ердөө ганцхан асрагч байдаг. Тэд аав, ээжийнхээ үүргийн ихэнхийг өөрсдөө биелүүлэх ёстой гэж үздэг аж. Кейт Миддлтон хүүхдүүдээ тайвшруулах тун ч сонирхолтой арга бодож олсон гэнэ. Хүүхдүүд нь аашилж эхэлмэгц Кэтрин чангаар дуулж, үүгээрээ уйлах нь анхаарал татах сайхан арга биш гэдгийг харуулдаг гэнэ.

 

Өөр нэг тун сонирхолтой арга бий. Хүүхдээ аашилж эхэлмэгц Кэтрин газар хэвтээд, гар хөлөө савлан, хашгирдаг гэнэ, мэдээж тоглоомоор. Ээжийгээ ингэхийг харсан хүүхдүүд хөгжилдөж инээхийн дээр өөрсдөө ийм авир гаргавал ямар тэнэг харагддагаа мэдэж авдаг гэнэ.

 

Мэдээж дээрх арга нь гэрт л тохирможтой. Бяцхан Жорж, Шарлотта, Луи нар бүр багаасаа л олон нийтийн газарт таагүй авир гаргах, уйлах нь зохисгүй гэдгийг мэдэж авчээ. Олны газар ааш гаргавал бушуухан гэртээ харихаас өөр аргагүй болно гэдгийг ч тэд мэднэ.


Тэрэг түрэхэд ч хуваарьтай

 

Европын хосууд чухамхүү аав нь хүүхдийнхээ тэргийг түрэх ёстой гэж үздэг. Харин хатан хааны гэр бүлд өөр. Язгууртнууд тэрэг түрэх үүргийг гүйцэтгэхэд ээж илүүтэй тохирно гэж үздэг байна.

 

Сонирхуулахад, хатан хаааны гэр бүлийн бяцхан жаалууд албан ёсны зугаалгын үеэр Silver Cross үйлдвэрлэгчийн Balmoral загварын тэрэгтэй явдаг аж. Silver Cross нь 1877 оноос хойш хамгийн шилдэг загваруудыг үйлдвэрлэж ирсэн учраас чухамхүү энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгодог уламжлал тогтжээ. 

 

Харин энгийн өдрүүдэд орчин үеийн спорт загварын хүүхдийн тэргийг ашигладаг гэнэ. 

 

Хооллох зарчим 

 

Хүүхдийн гарны хөдөлгөөн хөгжиж эхэлмэгц хүүхдүүдийг халбага, сэрээ бариулж сургадаг гэнэ. Тэднийг хутга, сэрээ ашиглуулж сургахдаа котлет төдийгүй гадил, шийгуа ч зүсүүлж бэлдэг аж. Үүний гол шалтгаан нь ирээдүйн язгууртны гар үргэлж цэвэр байх ёстой гэдэгтэй холбоотой.

 

Мөн хоолоо амандаа хийгээд зажлахдаа элдэв чимээ гаргахыг байж болшгүй хэрэг гэж үздэг. Хатан хааны гэр бүлд 12 нас хүрсэн хүүхдүүдийг олон нийтийн арга хэмжээнд томчуудтай зэрэгцэн оролцох хэмжээнд сургагдсан гэж үздэг байна. Үүнээс өмнө хүүхдүүдийг хүмүүжүүлэгчдийн хяналт дор тусгай өрөөнд үеийнхэнтэй нь хооллодог аж. 

 

Боловсрол 

Язгууртны гэр бүл боловсролд онцгой анхаарал хандуулах нь мэдээж. Хүүхдүүд 5-6 настайдаа л уншиж сурчихсан байх төдийгүй зохион бичлэг бичдэг, 100 хүртэл тоолж, нэмэж хасах үйлдэл хийдгийн дээр газарзүй, түүх, компьютерын үндсийг мэддэг болсон байна. 

 

Харилцааны урлагт илүүтэй анхаарал хандуулна. Учир нь эрх баригч давхарга яриа хэлэлцээг зөв, албадлагагүй явуулах ёстой шүү дээ. Данийн хааны гэр бүлд ийм нэгэн арга хэрэглэдэг. Хүүхдүүдийн өмнө хүний нэр бичсэн самбар тавина. Хүүхэд түүнийг ярилцагч гэж төсөөлөн, харилцах ёстой. "Хүндэт ноёнтон " гэж хүнгүй газар руу зааж ярих нь хөгжилтэй тоглоом төдийхөн биш харин дуу шуу муутай хүмүүстэй ч харилцах далыг суулгадаг гэнэ.

 

Мэдээж орчин үед гадаад хэлний мэдлэггүйгээр ганц алхахгүй. Тиймээс ч залуус бага наснаасаа л гадаад хэл сурах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс ч Их Британийн хатан хааны үр удам гурван настайдаа л испани хэл сурч эхэлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин