Сан-Маринод үр хөндөлтийг хуульчлав
2021-09-27

Бүгд Найрамдах Сан-Марино улсын иргэд үр хөндөлтийг хориглосон хуулийг цуцлах тухай санал асуулгад оролцон, олонх нь дэмжсэнээр тус улсад үр хөндөлтийг зөвшөөрөхөөр болсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 15 мянга орчим хүн оролцсон бөгөөд "эмэгтэйчүүд үр тогтсоноос хойш 12 долоо хоног хүртэлх хугацаанд мөн жирэмслэлт нь эмэгтэйн амь насанд аюул учруулж байгаа эсвэл бие болон сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар бол хожуу хугацаанд ч жирэмслэлтийг сайн дураар таслан зогоохыг зөвшөөрөөсэй гэж хүсэж байна уу?" гэсэн асуултад оролцогчид хариулсан байна. Ингээд санал асуулгад оролцогчдын 77 хувь нь дэмжсэнээр үр хөндөлтийг зөвшөөрөхөөр болжээ. Ойрын үед Дотоод хэргийн газар ард түмний санал асуулгын үр дүнг тусгасан хуулийн төсөл боловсруулах аж.

 

Эмэгтэйчүүдийн амь насанд аюултай байсан ч үр хөндөхийг хориглосон хууль 1865 оноос эхлэн Сан-Маринод үйлчилж байгаа юм. Энэ хуулийг зөрчвөл үр хөндүүлсэн эмэгтэйг зургаагаас дээш сар харин энэ ажилбарыг хийсэн эмч нарыг 3-6 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг аж. Улмаар Сан-Мариногийн эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэхийн тулд гадаад орон, ихэвчлэн Италийг зорьдог юм байна.

 

Энд дуулгахад Сан-Марино нь дэлхийн хамгийн жижиг орнуудын нэг юм. Энэ улс эргэн тойрондоо Италийн нутаг дэвсгэрээр хүрээлсэн байдаг. Европын хамгийн эртний улсад тооцогддог  Сан-Марино НАТО, Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаггүй,гэхдээ Европын холбоотой хилээ нээлттэй байлгадаг бөгөөд өөрсдөө зоос хэвлэх, үнэт цаас гаргах эрхтэйгээр Евробүсэд багтдаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин