Германы парламентад анх удаа транжендер эмэгтэй багтав

"Ногоонтнууд" намаас нэр дэвшигч Тесса Гансерер ХБНГУ-ын Парламент дахь анхны трансжендер эмэгтэй болж байгаа талаар DW мэдээлжээ.
Гансерер Бавари дахь сонгуулийн тойрогт 23,6 хувийн санал авсан байна. Тэрбээр шууд мандатаар парламентад багтаж чадахгүй байсан ч намын жагсаалтаар орно гэж эх сурвалж онцолжээ. Гансерер цаашид уур амьсгалыг хамгаалах, бэлгийн цөөнхүүдийн эрхийн төлөөх тэмцэлд чиглэгдсэн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.
Германы парламентын сонгууль есдүгээр сарын 26-нд болсон. Тус улсын канцлер Ангела Меркель 16 жил төр барьсны дараа дахин сонгуульд оролцохгүй, албан тушаалаа нэг мөр орхих шийд гаргасан юм. Сонгуулийн дүнгээр Германы социал-демократ нам 25,7 хувийн санал авч ялалт байгуулсан бол Христийн ардчилсан болон Христийн социаль холбоонуудын хамтарсан эвсэл 24,1 хувийн санал авчээ. Ингэснээр парламентын шинэ бүрэлдэхүүнд 735 гишүүн багтаж, үүнээс социал демократууд 206, харин Христийн ардчилсан эвсэл 196 суудал эзлэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ