Амны хаалт дөрөв дэх ВАКЦИН
2021-10-04

 

Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилжээ. Энэ цагт иргэд бүгд өвөлдөө бэлтгэх их ажилтай. Хүн төрөлхтөн бид коронавирусийн нөхцөл байдалд дасан зохицож амьдрахаас өөр зам үгүй. Тиймээс ЭМЯ болон УОК-ын заавар зөвлөмж, чиглэл, шийдвэрийн дагуу аж төрж байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын суурь шалтгаантай нас баралт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд  1260 хүн коронавирусийн халдвараар амь насаа алджээ. Тодруулбал,   

 

  • Есдүгээр сарын 30-ны өдөр Шинээр 2650 тохиолдол бүртгэгдэж, 41-80 насны 19 хүн нас барсан .

  • Аравдугаар сарын 01-ний өдөр Шинээр 2519 тохиолдол бүртгэгдэж, 21-80 насны 18 хүн нас барсан .

  • Аравдугаар сарын 02-ны өдөр Шинээр 2461  тохиолдол бүртгэгдэж, 0-80 насны 19 хүн нас барсан .

  • Аравдугаар сарын 02-ны өдөр Шинээр 1811  тохиолдол бүртгэгдэж, 41-80 насны 19 хүн нас барсан.

  • Хэдийгээр манай улс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа ч сүргийн дархлаа тогтоогүй байна.

 

Хэдийгээр улсын хэмжээнд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа ч нийгэмд сүргийн дархлаа тогтоогүй байгаа. Тодруулбал манай улсад 2021 оны хоёрдугаар сард дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Улмаар иргэд I, II тунгийн дархлаажуулалтад эрчимтэй хамрагдсан. Гэсэн ч коронавирусийн халдвар мутацид орж "Дельта" хувилбар нийгэмд тархсан. Ингэхдээ тус хувилбар нь халдварлах чадвар өндөр төдийгүй,  хүндрэх эрсдэл өндөр аж. Тиймээс манай улс вакцины бүүстэр тунг наймдугаар сараас эхлэн иргэдэд хийж эхэлсэн. Ингэснээр "Дельта" хувилбараас хамгаална. 

 

ЭМЯ-наас мэдээлж буйгаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.2 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 65.5 хувь байна. Өссөн дүнгээр 6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянган хүүхэд 16-17 насны 75 мянган хүүхэд нэгдүгээр тунд хамрагдаад байна. Вакцины нэмэлт тунд 306710 хүн хамрагджээ. Энэ нь нийт хүн амын 9 хувь юм. Манай улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь коронавирусийн халдвараар өвчлөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл 0.1 хувь нь л халдвараар өвчилсөн байна.

 

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Вакцины гуравдугаар тун коронавирусийн “Дельта” хувилбараас хамгаалах үндсэн арга гэдэг нь нотлогдож байна. “Дельта” хувилбарын үед цэцэрлэг сургуулийг нээлттэй байлгах, эдийн засгийг нээлттэй байлгаж, эрчимжүүлэх бодлогыг давхар баримталж байгаа. Вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа нэг шалтгаан нь хөл хорио тогтоохгүй, цэцэрлэг сургууль, эдийн засгийг нээлттэй байлгах арга хэмжээ юм. Тиймээс 18-аас дээш насны иргэд вакцины гуравдугаар тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна. Иргэн бүр ажилтай, орлоготой, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахын тулд вакцины гуравдугаар тунг хийлгэх шаардлагатай" гэж мэдээлсэн.

 

Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруйгийн хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар танхим болон цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд ерөнхийдөө сургалтын үйл ажиллагаанууд жигдэрч байна. ЭМЯ-наас халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхийг цаг бүрт зөвлөж байгаа. Санамжийг сонсоод өнгөрөх бус мөрдөж хэрэгжүүлбэл өөрийгөө болон хайртай гэр бүлээ халдвараас сэргийлэх боломжтой.  Коронавирусийн гурван тун вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл Амны хаалт дөрөв дэх ВАКЦИН. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин