Иргэд мартагдсан зээлээ төлж эхэлжээ
2021-10-05

Боловсролын зээлийн сангаас 1993-2016 онд сургалтын төлбөрийн зээл аваад төлөөгүй 15 000 иргэн байна. Тэд их, дээд сургуулийн дипломаа барьцаанд тавьж, сургалтын зээл аваад төлөөгүй өнөөдрийг хүрсэн хүмүүс аж. Тэдний зээлээ төлөөгүй шалтгаан харилцан адилгүй бөгөөд ихэнх нь мартсан байжээ. Иргэд дипломын хуулбараараа ажилд орох боломжтой байсан нь зээлээ төлж, дипломаа эх хувиа авах шаардлага төдийлөн үүсээгүй гэсэн үг.

 

 

Боловсролын зээлийн сангаас 1993-2016 онд авсан сургалтын төлбөрийн зээлээ төлөөгүй иргэд рүү нэгбүрчлэн холбогдож, мөнгөө төлөхийг сануулжээ. Харин зээлээ төлөөгүй тохиолдолд энэ оны 12 дугаар сараас эхлэн Монголбанкны хар жагсаалтад оруулна гэдгийг мэдэгдсэн байна. Энэ мэдэгдлээс үүдэн иргэд, мартагдсан зээлээ төлж эхэлсэн бөгөөд төлөлт нэлээд өндөр хувьтай явж буйг Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд хэлж байна.

 

Нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй, өнөөдрийг хүрсэн аж.

 

Боловсролын зээлийн сангийн зээлд манай улсын нийт оюутны дөрөвхөн хувь нь хамрагдаж, сургалтын төлбөрийн зээл авдаг байна. Эргэн төлөлт гацсанаас шинээр зээлд хамрагдах хүүхдийн тоо буурсаныг Боловсролын зээлийн сангийн удирдлага хэлж байна.

 

2018 оноос эхлэн сургалтын төлбөрийн зээл олгохдоо диплом барьцаалдаггүй болсон аж. Харин суралцаж төгсөөд зургаан жилийн хугацаанд зээлээ бүрэн төлөх шаардлагыг тавьдаг юм байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин