Сурвалжилга: Вакцины бүүстэр тун ХИЙЛГЭНЭ, ХИЙЛГЭХГҮЙ
2021-10-05
Гэрэл зургийг MPA.mn 

 

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч нас баралт нэмэгдэж байна. Тиймээс ЭМЯ-наас бүүстэр тунг хийж эхэлсэн. Тодруулбал, вакцины гуравдугаар тун буюу бүүстэр тунг  2021 оны наймдугаар сараас эхлэн сайн дурын үндсэн дээр иргэдэд хийж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл бүүстэр тун хийх ажил эхлээд сар гаруйгийн хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд бүүстэр тунгийн хамрагдалт бага байгаа аж.

 

ЭМЯ-наас мэдээлж буйгаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.2 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 65.5 хувь байна. Өссөн дүнгээр 6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянган хүүхэд 16-17 насны 75 мянган хүүхэд нэгдүгээр тунд хамрагдаад байна. Харин  вакцины нэмэлт тунд 306710 хүн хамрагджээ. Энэ нь нийт хүн амын 9 хувь юм. Манай улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь коронавирусийн халдвараар өвчлөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл 0.1 хувь нь л халдвараар өвчилсөн байна.

 

Энд дуулгахад манай улсад вакцины нөөц хангалттай байгаа аж. Есдүгээр сарын 30-ны байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины 1,064,020 сая тун нөөц (үүнээс Вероцелл 686,560 мянга, Пфайзер 377.340 мянган тун, Спутник  вакцин 120 тун) байна. Цаашид КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэг сая тун, Засгийн газрын худалдан авалтаар 1.2 сая тун Пфайзер, нийт 2.2 сая тун вакцин авах гэнэ.

 

Тиймээс манай сурвалжлах баг коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунгийн хамрагдалт, иргэдийн бодол, бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн VI хорооны “Өөдрөг –Энх” Эрүүл мэндийн төвийг зорилоо.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Нартай хэдий ч намрын сэхүүн салхи сэвэлзэнэ. Манай сурвалжлах баг 16.00 цагт зорьсон газраа очлоо. “Өөдрөг –Энх” өрхийн эрүүл мэндийн төвийн хаалгаар ортол хууль сахиулагч сууж харагдана. Учир байдлаа тайлбарлаж, зөвшөөрөл авч хоёр давхарт гарав. Эмнэлгийн хоёр өрөөнд эмч нар сууж харагдана. Өөр хэн ч байсангүй. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэж байгаа хүн харагдсангүй. Ингээд учир байдлыг Сүхбаатар дүүргийн VI хорооны “Өөдрөг –Энх” Эрүүл мэндийн төвийн их эмч О.Одгаригаас тодруулбал, “Үдээс өмнө ачаалалтай байдаг. Харин үдээс хойш иргэдийн хөдөлгөөн багасдаг” гэв. Үргэлжлүүлэн Коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тун буюу бүүстэр тунг Өрхийн эрүүл мэндийн төвд сайн дурын үндсэн дээр харьяалал харгалзахгүйгээр иргэдэд хийж байна. Манай Өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт дунджаар 100-150 хүн вакцинд хамрагдаж байгаа. Дархлаажуулалтын I,II тунг хийлгээд гурван сарын хугацаа өнгөрсөн бол III тунг хийлгэх боломжтой. Ингэхдээ БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин, Файзер вакцинаас сонгож хийлгэх боломжтой юм. Харин хоёрдугаар тунгийн вакцин хийлгээд халдварт өртсөн бол гуравдугаар тунг хийлгэхийг зөвлөхгүй байгаа.  Жишээлбэл, вакцины I,II тунд дөрөв, тавдугаар сард хамрагдаад 7,8 сард халдварт өртсөн бол гуравдугаар тунд хамрагдахгүй. Олон нийтийн цахим сүлжээнд гуравдугаар тунгийн талаар сөрөг мэдээлэл нийтлэгдэж байна. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгоорой. Гуравдугаар тундаа хамрагдсан ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих хэрэгтэй” гэв.

 

Ингээд бид “Өөдрөг –Энх” Эрүүл мэндийн төвөөс гарч иргэдийн санал бодлыг сонсохоор болов.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Вакцины нэмэлт тунгийн үр дүн маш сайн байна

 

Иргэн  Э.Болор:

 

-Вакцины гуравдугаар тунгаа хийлгээд сарын хугацаа өнгөрч байна. Гуравдугаар тундаа Файзер вакциныг сонгож хийлгэсэн. Вакцины гурван тундаа хамрагдаад хэд хэдэн удаа ойрын хавьтал болж байсан. Гэхдээ халдвараар өвчлөөгүй. Үр дүн маш сайн байна. Тиймээс та бүхнийг вакцины гуравдугаар тундаа хамрагдаарай гэж хүсье.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Вакцины гуравдугаар тунг хийлгэхгүй

 

Иргэн О. Гүрбазар:

 

-Коронавирусийн эсрэг вакцины I,II тундаа хамрагдсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм үйлдвэрийн вакциныг сонгож тариулсан. Вакцины гуравдугаар тунг хийлгэхгүй байх.  Цахим орчинд олон сөрөг мэдээ мэдээлэл байна.  Гуравдугаар тунгийн талаар маш сайн судална. Коронавирусийн эсрэг вакцинууд цус өтгөрүүлдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Халдвар авах нь цаг хугацааны асуудал болоод байх шиг байна.

 

 

Дархлаагаа маш сайн дэмжиж байна

 

Иргэн С.Өлзийсүрэн:  

 

-Вакцины I,II тунгаа өнгөрсөн тавдугаар сард хийлгэсэн. Тиймээс гуравдугаар тунг хийлгэх шаардлагагүй гэж бодож байгаа. Дархлаагаа маш сайн дэмжиж байна. Миний биед хоёр тунгийн вакцинаар дархлаа сайн тогтсон гэж бодож байгаа учраас гуравдугаар тунг хийлгэх шаардлагагүй.  Иргэд та бүхэн хүйтний улирал эхэлж байгаа энэ цагт дархлаагаа дэмжээд эрүүл байгаарай гэж хүсье.

 

Бүүстэр тундаа хамрагдаарай 

 

Иргэн /Нэрээ нууцлахыг хүсэв/

 

-ДЭМБ-аас судалгаа шинжилгээ хийж вакцин гаргасан. Вакцины I,II тундаа Спутник вакцины хийлгэсэн. Олон эрдэмтэд маш сайн судалгаа шинжилгээ хийж гаргасан вакцин учир ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж вакцины бүүстэр тундаа хамрагдаарай гэж хэлмээр байна.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу нэмэлт тун хийлгэнэ

 

Иргэн Э.Гүнбилэг:

 

-Вакцины нэмэлт тун буюу бүүстэр тунг хийлгэнэ гэж бодож байгаа. ЭМЯ-ны зөвлөмжийг дагана. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд гурван сарын хугацаа өнгөрч байна.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин