МУГТ Г.Дорж: Хүүхэд шиг унтаж, араатан шиг бэлтгэл хийдэг
2021-10-08 08:05

 

Энэ өдрүүдэд АНУ-ын Орландо хотод Бодибилдингийн олимп зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 70 кг жинд эх орноо төлөөлөн оролцсон МУГТ Г.Дорж алтан медаль хүртлээ. Энд дуулгахад, тэрбээр, Монгол Улсын анхны бодибилдингийн олимпын алтан медалийн эзэн болж байна.

 

 Танд Баяр хүргэе. Та бодибилдингийн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

 

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би бодибилдингийн спортоор 1999 оноос өнөөг хүртэл нийтдээ 23 жил хичээллэж байна. Анх 1999 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийн бодибилдингийн ангид элсэн суралцсан. Ингээд өөрийн сонирхолдоо хөтлөгдөж, бодибилдингийн спортоор хичээллэж эхэлсэн. Миний анхны багш “Тайхар” клубын захирал, Монголын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Б.Батсуурь байсан юм.

 

Та аль нутгийн хүн бэ?

 

-Би Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Эцэг эх маань Дундговь аймгийн Луус, Хулд сумын уугуул иргэд.

 

Та яагаад бодибилдингийн спортоор хичээллэх болов?

 

-Би багадаа жижигхэн, туранхай хүүхэд байсан. Гэхдээ бяртай хүүхэд байлаа. Тухайн үед “Арнольд Шварценеггер” кино их гардаг байсан. Бага байхаасаа хүчтэй хүн болохыг хүссэн. Тиймээс нэг л мэдэхэд энэ спортод дуртай болж, хичээллэж эхэлсэн.

 

Бодибилдингийн тэмцээний гол шалгуур нь юу вэ?

 

-Бүх спортын хаан бол бодибилдингийн спорт юм. Бодибилдинг нь хамгийн их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг спорт. Учир нь Бодибилдингийн спортоор хичээллэж байгаа хүнд бэлтгэлгүй өдөр гэж байдаггүй. Байнгын бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлийг нөхөж хийнэ гэсэн ойлголт байхгүй. Цагаар хооллодог. Тэмцээн болохоос зургаан сарын өмнөөс хатуу дэглэмд ордог. Харин тэмцээн дууссаны дараа хөнгөн бэлтгэл рүү шилждэг.Өөрөөр хэлбэл, хоол зүй ч шиг хооллож, нялх хүүхэд шиг унтаж, араатан шиг бэлтгэл хийнэ гэсэн үг. Хоол зүйн мэдлэг, байнгын бэлтгэлгүйгээр амжилт гаргах боломжгүй спортын төрөл юм. Хүмүүс ойлгохдоо зааланд төмөр өргөж байгаа тайзан дээр гардаг гэж ойлгодог. Хэрэв амархан байсан бол хүн бүр тамирчин болох байсан

 

Тэмцээний гол үзүүлэлт нь булчингийн ялгарал, биеийн пропорц юм. Ингэхдээ,

 

  • Гарын хоёр толгойт булчин урдаас

  • Цээжний булчин хажуугаас

  • Нурууны булчин урдаас

  • Хөл, хэвлийн булчин урдаас

  • Гарын хоёр толгойт булчин араас

  • Нурууны өргөн булчин араас

  • Гарын гурван толгойт булчин хажуугаас гэсэн долоо зогсолтоор булчингуудын жигд хөгжлийг хардаг. Мэдээж мэргэжлийн шүүчдийн нэгдсэн дүнгээр ялагчийг тодруулдаг. Миний жинд 14 тамирчин өрсөлдөж, финалд таван тамирчин шалгаруулав. Ингээд аваргыг тодруулсан.

 

 

Бодибилдингийн Олимпд амжилт гаргасан тамирчдад төрөөс урамшуулал олгодог уу?

 

-Би Монгол Улсын гавьяат тамирчин. “Арнолд классик”  тэмцээнд хоёр дараалан түрүүлж, iFBB-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан тэргүүлж, 2017 оны дэлхийн чансаанд жин харгалзахгүйгээр гуравт бичигдэж байсан. Энэ хөдөлмөрийг маань төрөөс үнэлж МУГТ цол хүртээсэн.

 

Бодибилдингийн спортоор хичээллэдэг залуус олон улсын тэмцээн уралдаанд явахдаа зарлаа хувиасаа гаргаад явдаг. Бусад спортын төрлүүд шиг Бодибилдингийн тамирчдыг урамшуулж байгаасай гэж хүсмээр байна.

 

 

Таны гэргий фитнессээр хичээллэдэг юм билээ. Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?

 

-Гэргийг маань Б.Оюунгэрэл гэдэг. Манайх хоёр хүүхэдтэй. Манай эхнэр бодибилдингийн бикины төрөлд өрсөлддөг. ОУХМ, Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай. Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд долоон удаа түрүүлсэн.  Би “Тайхар” клубт багшилдаг байлаа. Ингээд танилцсан. Өөрөөр хэлбэл, миний шавь. Гэргий маань энэ өдрүүдэд олимтд өрсөлдөж, зургадугаар байранд шалгарлаа.  Гэр бүлээрээ бодибилдингийн спортод дуртай, сонирхолтой байх нь олон давуу талтай.    

 

Сүүлийн жилүүдэд манай улсад бодибилдинг, фитнесс эрчимтэй хөгжиж байна. Энэ талаарх таны бодол?  

 

-Намайг анх энэ спортоор хичээллэж эхэлж байхад мэдээ мэдээлэл, спортын клуб цөөн байсан. Харин өнөө үед мэдээ мэдээллийг хүссэн цагтаа авах боломжтой болсон байна. Мөн нэмэлт бүтээгдэхүүнүүд нь худалдаалагдаж байна. Залуучууд олноор спортоор хичээллэж байгаа сайхан. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд зөв арга барилаар бэлтгэл сургуулилтаа хийгээрэй. Хэрэв буруу арга барилаар бэлтгэл сургуулилт хийвэл биед муу.

 

 

Та ямар нэгэн клубт багшилдаг уу?

 

-Хувийн дасгалжуулагчаар ажилладаг. Спортоосоо зодог тайлахаараа сайн тамирчин бэлтгэнэ.  Бусад спортын төрлүүдийг бодвол бодибилдинг нь бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж удаан хугацаанд амжилтаа хадгалах боломжтой.  Булчин хөгширдөггүй. Харин нас хөгширдөг. Би 40 настай. Энэ хугацаанд нэг ч удаа бэлтгэл сургуулилтаа тасалж үзээгүй.  Бодибилдингийн спортод 40-50 нас нь амжилтын үе гэж яригддаг.

 

Таны цаашдын зорилго юу вэ?

 

-Мэргэжлийн тэмцээн уралдаануудад оролцож, амжилтаа ахиулах зорилготой байна.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Монголхүү:
Баяр хүргэе! Бахархалт монголчуудын нэг болсонта бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх, аз жаргалаар үргэлж бялхаж байх болтугай!
2021-10-08