Э.Тамжидмолом: Хүн хөдөлмөрлөж чадвал хүссэн зүйлээ бүтээж болдог
2021-10-11

 

Даваа гарагийн мэнд. “Хашаандаа сайхан амьдаръя” цахим хуудаснаа өөрийн хашаагаа тохижуулсан зургаа хуваалцсан нь олон хүн талархлыг хүлээгээд буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын оршин суугч Э.Тамжидмоломтой ярилцлаа.

 

Сайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Сайн сайн байна уу? Намайг Б.Тамжидмолом гэдэг. Манайх ам бүл тавуулаа. Одоогоор гурван хүүхдээ хараад гэртээ байна. Нөхөр маань Энержи Ресурс компанид нярваар ажилладаг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршин сууж байна.

 

Та аль нутгийн хүн бэ?

 

-Би Сэлэнгэ аймагт төрж өссөн. Дарханд оюутан болж очсон. Анх манай эгч Цогтцэций суманд маникурын ажил санал болгосон юм. Саналын дагуу 2017 онд гэр бүлийнхнийгээ хотод үлдээгээд ажиллахаар Цогтцэций суманд ирсэн. Таалагдсан. Орон нутагт ажиллаж амьдрах нь таалагдсан. Ингээд гэр бүлээрээ шилжин ирж суурьшсан.

 

 

Та хашаагаа тохижуулах саналаа хэзээнээс гаргав?

 

-Би хангай нутгийн хүн. Харин Цогтцэций сум бол говь нутаг. Анх шилжиж ирээд амьдрахад эвгүй байсан. Цогтцэций суманд шилжиж ирсэн эхний хоёр жилийн хугацаанд айлын хашаанд гэр түрээсэлж амьдардаг байлаа. 2019 онд өөрийн гэсэн хашаатай болсон. Өөрийн хашаандаа тав тухтай, эко ногоон орчин бий болгохыг хүссэн. Ингээд нөхөртэйгээ ярилцаад саравч, дүүжин сандал хийхээр болж интернетээс судалсан. Одоо цагт чинь хаанаас ч  бүхий л мэдээ мэдээллийг авах боломжтой байна. Судалсны эцэст хашаагаа тохижуулах ажилдаа орсон. Хашаандаа хамгийн анх мод тариад дараа усан оргилуур хийсэн. Ингээд дараа дараагийн тохижилтуудаа хийсэн.

 

Нөхөр маань 14 хоног ажиллаад долоо хоног амардаг. Амралтын өдрүүдээ хашаагаа тохижуулах ажилдаа зориулдаг. Бид бага багаар тохижуулаад л явж байна.

 

Орчин үед хүн бүр орон сууцанд амьдрахыг хүсэх болж. Хашаа байшинд амьдрахын давуу тал?

 

-Хашаа байшинд амьдрах нь байранд амьдрахаас маш олон давуу талтай. Гурван өрөө байр авах мөнгөөр хоёр 00-той, дулаан цэвэр бохироо шийдсэн 2 давхар байшин барих боломжтой. Харин хашааны талбайд хүүхдүүд тоглох боломжтой. Орон зай ихтэй. Хашаа байшингаа тохижуулчихвал тухтай.

 

 

Танай гэр бүл хашаагаа тохижуулсан Цогтцэций сумынханд үлгэр дуурайлал болсон байх. Хашаагаа тохижуулахаар зөвлөгөө авч байна уу?

 

-Их асуудаг. Энэ материалаа хаанаас авсан бэ гээд л асууна. Зарим нь манайд ирж хашааны тохижилт хараад явна. Хашаагаа тохижуулсанд хүүхдүүд маань маш их баяртай байгаа. Мөн ойр орчны хүүхдүүд орж ирж хамт тоглож байна. Мөн “Хашаандаа сайхан амьдаръя” цахим хуудаснаа өөрийн хашаагаа тохижуулсан зургаа оруулсан. Миний постыг олон хүн дэмжсэн бас олон хүн холбогдсон.

 

Нууц биш бол хашаагаа тохижуулахад хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан бэ?

 

-Түлээний хаягдал мод, сангийн хоолой зэрэг үлдэгдэл, хаягдал материалууд ашиглаж хашаагаа тохижуулсан. Гэрэл, будаг зэрэг чимэглэлд л мөнгө зарцуулсан. Хоёр сая хүрэхгүй төгрөгөөр тохижуулсан.

 

 

Тог, ус, эко 00-ын асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

 

-Дараа жилээс эко 00 барихаар төлөвлөсөн. Хоёр айлын дунд нэг 00-той. Тиймээс хажуу айлтайгаа ярилцаж байгаад эко 00 барина. Мөн өнгөт хавтангаар зам хийнэ. Хашааны хаалгаа будаж шинэчилнэ. Олон санаанууд байна.

 

 

Хашаагаа тохижуулчихаад хүүхдүүд нь тухтай тоглож байхыг харах мэдрэмжээ хуваалцаач?

 

-Ерөнхийдөө хашаагаа тохижуулж эхлэхдээ хаана нь юу хийх вэ гэдгээ дотроо төсөөлөөд бодчихсон байсан. Төсөөллийнхөө дагуу ч хийж чадсан. Хүүхдүүд маань тоглоомын талбай хийж өгөхөөс өмнө цар тахлаас шалтгаалаад тоглоомын талбай орж чаддаггүй байсан болохоор их уйдаж, утсаар их тоглодог байсан. Харин одоо тоглоомын талбайдаа тоглож өнждөг болсон. Нөхөр бид хоёр  ч урамшаад өшөө юу хүсэж байна тэр бүгдийг хийх хүсэлтэй болсон. Дараа жил элсний хайрцаг хийх шаардлагатай байгааг анзаарсан болохоор хийж өгөхөөр шийдсэн. Ер нь манай гэр бүлийнхэн бүгд баяртай байгаа.  Манай нөхөр ч маш их урамшиж өшөө олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа. Эцэст нь хийсэн зүйлээ хараад нөхөр маань энэ бүгдийг анх удаагаа л хийж үзсэн болохоор хэсэгтээ л өөртөө итгэж өгөхгүй байсан. Хүн хөдөлмөрлөж чадвал бага багаар ч гэсэн хүссэн зүйлээ хийж болдог гэдгийг мэдэрсэн.

 

Залуу гэр бүл орон нутагт амьдрах нь ямар давуу талтай байдаг вэ?

 

-Ер нь хотод амьдарна гэж бодож байгаагүй. Дарханд амьдарна гэж боддог байсан. Хотод олон хүн ам оршин суудаг, замын түгжрэл, стресстэй хэцүү. Хотын захын хороололд амьдарч байгаа хүмүүсийг харахаар хөдөө орон нутагт амьдарч болдоггүй юм байхдаа гэж боддог. Орон нутагт ажлын байр байдаг, стресс багатай тайван. Өдөр болгон автобус унаанд мөнгө үрэхгүй зарлага бага байдаг.

 

Залуу гэр бүлүүддээ хандаж хэлэхэд орон нутагт тэр тусмаа өөрийн хашаа байшинд амьдраарай гэж уриалмаар байна.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин