Төрөөс аврал гуйж буй 330 БӨЖИН
2021-10-11
Гэрэл зургийг MPA.mn 

 

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхагласан. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа.Энэ өдөр “Монголын эмэгтэйчүүдийн Холбоо”-ноос 2020 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоогоор буюу 330 бөжин туулайгаар төлөөлүүлэн “БҮҮВЭЙ-БҮҮ-АЙГ” бөжингийн суултыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

 

Монгол Улсын хэмжээнд 2020 онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан мэдээллэх 0-18 насны 607465, 0-4 насны 185682, 5-9 насны 189856, 10-14 насны 146724, 15-18 насны 85203 охин байгаа аж. Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид,

 

  • 2017 онд 138

  • 2019 онд 309

  • 2020 онд 350

  • 2021 оны эхний найман сарын байдлаар 228 бүртгэгдсэн байна.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

“Монголын эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл:

 

-“Монголын эмэгтэйчүүдийн Холбоо” 2019 онд “Бөжингийн чимээгүй хашгираан” нэртэй акцыг төрийн ордон, шийдвэр гаргагч нарын ширээн дээр тавьж, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах таван саналын хамт, мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо баримттай хамт хүргүүлж байсан. Өнөөдөр төв талбайд 330 бүжингийн суулт болж байна. 2019 онд шийдвэр гаргагч нар хүргүүлсэн таван санал маань өнөөдрийг хүртэл ажил хэрэг болохгүй байгаа учраас “биднийг авраач” гэж аврал эрэн эдгээр бүжингүүд суулт зарлаж байгаа. Бэлгийн хүчирхийллийн хохирогч нь насан туршийн хохирогч, даван туулагч байдаг. Бие махбодь сэтгэл санаа, эдийн засгаараа хохирдог. Мөн тэдгээр охидын гэр бүл нь давхар хохирдог. Бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдийн 85 хувь нь  ойр дотны хүмүүс байна гэсэн мэдээлэл байдаг.

 

2017 оны байдлаар 130 орчим хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан бол 2020 онд энэ тоо гурав дахин өссөн байна. Үүнээс гадна бүртгэгдээгүй олон хэрэг байгаа. Аливаа улсын хамгийн үнэ цэнтэй баялаг нь хүүхэд юм. Бид улсынхаа хамгийн үнэ цэнтэй баялгийг хамгаалж, эрүүл байлгаж чадаж байна уу гэж өөрсдөөсөө асууж бодлого боловсруулж, шийдвэр гаргагч нар бидний гаргасан саналыг дэмжээсэй гэж хүсэж байна.  “Монголын эмэгтэйчүүдийн Холбоо”-ноос эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах таван санал гаргасан.

 

  • Нэгдүгээрт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлд байх

  • Хоёрдугаарт, Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд хүүхдийг насных нь байдлаар хоёр ангилж үздэг. 0-13, 14-18 настай. Хүүхэд бол хүүхэд. Насны хувьд ялгаварлахгүйгээр ялын нэг л санкц үйлчилдэг баймаар байна.

  • Гуравдугаарт, 0-13 насы хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдвэл одоогийн мөрдөгдөж буй хуулиар 12-20 жилийн ял оноодог. Мөн 14-18 насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдвэл 5-8 жилийн ял оноох санкцтай. Гэтэл 20 жилийн ял авсан түүх Монголд байдаггүй. Тиймээс ялын доод босгыг дээшлүүлэх саналтай байна.

  • Дөрөвдүгээрт, Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ямар нэгэн магадлан уучлал, өршөөлд хамруулахгүй байх заалтыг Эрүүгийн хуульд оруулах

  • Тавдугаарт, Эрүүгийн хуульд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг буцаан нэмж оруулах

 

Хоёр жилийн өмнө гаргасан энэ санал өнөөдрийг хүртэл шийдвэр гаргагч нарын шүүгээнд мартагдсан. Тиймээс бид олон улсын өдрөөр дахин сануулж, 2020 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоогоор 330 бөжин аврал эрж, суулт зарлаж байна.

 

Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн, Төрийн гурван өндөрлөгт бүжингүүдийг төлөөлсөн захидал хүргүүлж байгаа. Намрын чуулганаар Эрүүгийн хуулийн хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, бидний гаргасан саналыг тусгаж өгөөч гэсэн шаардлага хүргүүлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

“Монголын эмэгтэйчүүдийн Холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа:

 

-“Монголын эмэгтэйчүүдийн Холбоо”-ноос Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бага насны хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг өөрчлөөч гэсэн санал гаргаж байна. Төр иргэдийн эрхийг хамгаалах, хүндэтгэх үүрэгтэй байдаг. Тэр дундаа хүүхэд анхаарлын төвд байх ёстой. Хүн бүр өөрийн сонгосон УИХ-ын гишүүддээ энэ мэдээллийг хүргэж, энэ шаардлагыг тавихыг хүсэж байна.

 

Монголчууд бага насны хүүхдээ бүринхийгээр гадаа авч гарахдаа айлгахгүйн тулд хөөгөөр духанд нь тэмдэг тавьж бор халзан туулай болгодог. Ингэж хүүхдээ хайрладаг байсан ард түмэн өнөөдөр бага насны хүүхдээ хүчирхийлж байна. Тиймээс үүнд арга хэмжээ аваач хэмээн энэ арга хэмжээг санаачилж байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин