Б.Жавхлан: Төсөвт өртгийг ханцуйндаа наймаалцаж байгаа мэт шууд нэмэхгүй
2021-10-11 15:05

Улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барьдаг барилгын компаниуд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, нэмэгдсэн төсөвт өртгийг 2022 оны төсөвт суулгаж өгөх шаардлагыг Засгийн газар, Сангийн яаманд хүргүүлснээ мэдэгдсэн юм. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн барилгын материалын үнэ нэмэгдсэнээр санхүүжилт нь дутаж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн барилгыг гэрээт хугацаандаа ашиглалтад өгч чадахгүй нөхцөлд тулснаа барилгынхан хэлж байна. Тэгвэл энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө.

 

 

Сангийн сайд Б.Жавхлан “Цар тахлаас үүссэн хүндрэлүүдтэй нүүр тулж байна. Бид энэ асуудлыг төсөвт шингээхдээ хуулийн хүрээнд ажиллана. Хэн нэгэн хүн арматур нэмэгдээд, төсөвт өртөг өссөн гэхээр ханцуйн дотроо наймаа хийж байгаа мэтээр шууд нэмж болохгүй.

 

Төсөвт өртөг 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн албан бичгүүд ирсэн. Эндээс хуулийн дагуу барилга, замын хөгжлийн институцаар орж, төсөвт өртөг нь магадлалаар батлагдаад ирсэн төсвүүдийг төсөв рүү тусгаж, шингээдэг хуультай. Энэ дагуу магадлалаар орсон 184.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн төсөвт өртөг ирэх оны төсөвт суусан.

 

Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтаа маш хатуу сахилга баттай явах ёстой. Бэлтгэл нь хангагдаагүй, зураг төсөвгүй, дэд бүтэц нь тодорхойгүй, газар нь олгогдоогүй ажилд хөрөнгө хувааж тавьснаас болоод дараа жилүүдэд нь төсөвт хүндрэл гардаг. Үүнийг таслан зогсоох ёстой” гэсэн тайлбарыг өгөв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин